Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийт 305 дуудлага ирлээ.
Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 22 иргэн хандсанаас дөрвөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 119 буюу 39 хувийг машин ачилт, 53 буюу 17.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх дуудлага эзэлсэн байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа “Ковид-19”-тэй холбоотой асуултад хариулт өгье.
-“Ковид-19“–ийн халдвар аваад эдгэрсний дараах дархлаа болон вакцин хийлгэсний дараа үүсэх дархлаа хоёрын аль нь илүү удаан хугацаанд хамгаалах вэ?
-Халдвар аваад эдгэрсний дараах буюу байгалийн дархлаа нь хэр удаан хамгаалах вэ гэдэг нь өвчин бүрийн хувьд ялгаатай байдаг. Мөн хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Тиймээс коронавирус нь шинэ төрлийн вирус тул байгалийн дархлаа хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн 90 хоногийн хугацаанд дахин халдвар авах магадлал маш бага байна гэж үзэж байгаа. Вакцин хийлгэсний дараа хэр удаан халдвараас хамгаалах вэ гэдгийг одоогоор бас хэлэх боломжгүй.
–Вакцин хийлгэхэд мөнгө төлөх үү?
-Монгол Улсын Засгийн газраас вакцины үнийг төлж байгаа бөгөөд вакциныг үнэ төлбөргүй.
–РНХ вакцин хийлгэснээр ДНХ буюу генд ямар нэг өөрчлөлт орох уу?
-РНХ (mRNA) нь уургийн жижигхэн хэсгийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэдгийг заагч юм. Тиймээс мРНХ нь хүний генийн материал болох ДНХ-г өөрчлөх боломжгүй юм. “Ковид-19”-ийн вакцинд байгаа мРНХ нь хүний генийн материал болох ДНХ байрладаг эсийн нуклеотидад нэвтэрч ордоггүй. Иймээс мРНХ нь ДНХ-г гэмтээх, нөлөөлөх боломжгүй юм.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ