ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн дараах асуултад хариуллаа.
-Монгол улсын нийт хүн амын хэчнээн хувийг вакцинжуулж байж сүргийн дархлаа үүсэх вэ?
-Нийт хүн амын 60 хувийг дархлаажуулсны дараа сүргийн дархлаа тогтоно гэж үздэг. Манай улсын хүн амын 60 хувь нь 18-аас дээш насныхан эзэлдэг бөгөөд тэдгээр бүх хүнийг үнэ төлбөргүй дархлаажуулалтад хамруулна.
-Вакцин хийлгэсэн хүмүүсээс өнөөдрийн байдлаар хэдэн хүн халдвар авсан байгаа вэ. Вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүнийг тусгаарлах уу, дахин вакцин хийлгэх үү?
-Манай улсад вакцины эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан цөөн тооны хүн байгаа. Иргэд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Вакцины бүрэн тунг хийлгээд дархлаа тогтсон ч тухайн өвчнөөс таныг 100 хувь хамгаалж чадахгүй. Вакцин хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд шинээр халдвар авсан хүнтэй ижил байдлаар эмчилгээ хийнэ.
Л.Баяр