Европын эмийн агентлагийн тусгай шинжээчдийн баг “AstraZeneca” вакцин тариулсан иргэдэд цусны бүлэгнэлт үүссэн асуудлыг судлаад пүрэв гаригт уг вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхэд аюулгүй гэж дүгнэсэн талаар мэдэгдлээ.
Гэхдээ Европын Холбооны орнууд “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх эсэх, вакцинжуулалтыг хэзээнээс эхлүүлэхээ бие даан шийдвэрлэх юм.
Мөн Европын эмийн агентлагийн зүгээс цаашид “AstraZeneca” вакцины тарилга цусны бүлэгнэлт үүсгэх эрсдэлийн талаар нэмэлт судалгааны ажил явуулж, олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхийг зөвлөсөн байна.
Европын эмийн агентлагийн дүгнэлт гарсны дараа Европын холбооны хэд хэдэн улс ойрын хугацаанд “AstraZeneca” вакцины тарилгыг иргэддээ дахин хийж эхлэх талаар мэдэгдсэн юм.
Их Британийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “AZD1222” вакцин тариулсан зарим иргэдэд цусны бүлэгнэлт үүсэж, нэг хүн нас барсан талаар мэдээлсэн. Улмаар Европын холбооны 13 улс тодорхойгүй хугацаанд уг вакцины тарилгыг хориглоод байсан юм.
Л.Баяр
Эх сурвалж: Dw.com