Монгол эрдэмтэд шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуур зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа билээ.
Уг оношлуурыг хэзээ ашиглалтад оруулах талаар оношлуур бүтээж буй багийн гишүүн, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар News.mn сайтад өгсөн ярилцлагадаа “ЭМЯ-ны ёсзүйн хорооны өнөөдрийн /2021.3.18/ хурлаар манай багийн бүтээсэн оношлуурыг ашиглахыг зөвшөөрсөн. Даваа гаригаас хэрэглэж эхлэх байх” гэжээ.
Шүлснээс шинжилгээ авч коронавирусийг илрүүлэх оношлуурын төслийн ажлыг АШУҮИС-ийн эрдэмтэд 2020 оны 12 дугаар сард эхлүүлсэн юм. Төслийг Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан удирдаж АШУҮИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм.
Одоогоор шүлснээс Covid-19 илрүүлэх шинжилгээнд шаардлагатай урвалжуудыг гаднын улсаас татаад авчихвал өдөрт 10-20 мянган шинжилгээний бэлдцийг тус багийнхан нийлүүлэх гэнэ.
Л.Баяр