Хонгилын шүүгч, прокуроруудыг холбодог гол хүн хэмээн нийтэд танигдсан өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авч байсан шүүгчдэд Шүүхийн ерөнхий зөвлөл өчигдөр сайн дураараа шалгуулах шахалт үзүүллээ. Залгуулаад өнөөдөр өмгөөлөгч Б.Баасанцогт нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболдтой хамтран “Монгол корпорейшн” компанийг эзэмшдэг нь илэрч, Б.Баасанцогт нь ҮАБЗ-ийн даргын гэр бүл, хамаатан садантай эдийн засгаараа нарийн холбогдсон хүн болохыг нотолж өглөө.
“Монгол корпорейшн” ХХК нь 2017 онд “Суруга Монгол”-ийн 230.000 м/кв газрыг худалдан авсан нь А.Гансүх Б.Баасанцогтыг нохойд барьдаг мод шигээ ашигладаг, түүнийг “хөлөглөн” хуульч, шүүгч, өмгөөлөгчдийг эрхшээлдээ оруулж, бусдын эд хөрөнгийг хураан авдаг этгээд болгон харагдуулж байгаа юм.
А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболд, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын хамтран байгуулсан “Монгол корпорейшн” нэртэй компанийн худалдан авсан Хан-Уул дүүргийн нутаг дахь 230 мянган м/кв талбай бол Японы хөрөнгө оруулалттай “Суруга Монгол” компанийн мэдэлд байсан Япон компани. Тус компани 2003 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, Хан-Уул дүүрэгт “Japan Town” төслөө хэрэгжүүлэн “Дөрвөн улирлын цэцэрлэг” нэртэй орон сууцны хороолол барихаар төлөвлөж байсан. Мөн “Дөрвөн улирлын цэцэрлэг” гэх орон сууцны төсөл хэрэгжүүлээд эхэлсэн байв.
2012 оны хоёрдугаар сарын 28-нд Японы “Суруга Монгол” корпорацийн зургаан захирлуудын нэг 67 настай Цүнэяки Хара хэмээх япон иргэнийг Цагдаагийнхан “Палас” зочид буудлаас баривчилж Цагдан хорих төвд саатуулж байжээ. Хар тамхины хэргийг нууцалж, энэ төрлийн мэдээллийг гадагшлуулахаас цэрвэдэг байсан цагдаагийнхан “Суруга Монгол”-ын Япон захирлын хэргийг сүр дуулиантай дэлгэсэн бөгөөд түүнийг насанд хүрээгүй охидтой хамт байсан тухай дайвар мэдээлэл ч цацагдаж байсан юм.
Ингээд Нийслэлийн прокурорын газар түүнд Эрүүгийн хуулийн 192.3-т зааснаар “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан” гэж буруутган, эрүүгийн хэрэг үүс¬гэж байжээ.
2014 оны 6 дугаар сард энэ хэрэг шүүхэд шилжиж байсан бөгөөд Суруга Монгол” корпорацийн Монголд ирээд саатуулагдсан захирал Цүнэяки Хараг Монгол Улсын иргэн И.Тэргэл, Т.Гочоосүрэн, Ц.Билгүүн нар зохион байгуулалттайгаар гүтгэсэн гэдгийг шүүх тогтоосон юм. Т.Гочоосүрэн нь Японы иргэн Цүнэяки Харатай хамт ажилладаг байсан нэгэн. Мөн амьдарч байсан зочид буудлын өрөөнд нь орж, гардаг байсан бөгөөд давуу талаа ашиглан түүний өрөөний орон дор каннабис аваачиж орхин Цагдаагийн байгууллагад хуурамч мэдээлэл өгсөн хэрэгт унасан байдаг.
“Суруга Монгол”-ын хэмээн нэрлэгдсэн ийм нэгэн дуулиан дэгдсэнээс хойш бүтэн 9 жил өнгөрчээ. Монголчууд “Суруга Монгол” компанийн тухай ч, тус компанийн захирал нь хар тамхины хэрэгт оролцсон тухай ч мартжээ. Энэ хавар эргэн сөхөгдсөн энэ хэргийн талаар тухайн үед хэвлэлүүд “Дөрвөн улирлын цэцэрлэг” гэх орон сууцны төслийг нэр бүхий улс төрч, бизнесмэнүүд дээрэмдэх зорилгоор зохион байгуулсан тухай бичиж байв.
Гэтэл өнөөдөр “Суруга Монгол” компанийн газарт Монгол Улсын ҮАБЗ-ийн даргын төрсөн дүү А.Ганзориг, өмгөөлөгч Б.Баасанцогт нар эзэн суусан байгаа нь анхаарал татаж байна. “Суруга Монгол” компани хөрөнгөө дээрэмдүүлсэн үү. Тийм бол дээрэмдэгчид нь А.Гансүхийн эргэн тойрныхон мөн үү. Хэрвээ энэ гүтгэлэг юм бол ҮАБЗ-ийн дарга А.Гансүх төрсөн дүүгийнхээ худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр болоод Б.Баасанцогттой холбогдоод байгаа хардлага, баримтуудад хариулт өгөх ёстой. Гэвч А.Гансүх бүлх залгисан мэт дуугаа хураажээ.
Б.ИРЭЭДҮЙ