БЗД-ийн 26 дугаар хороонд тогтоосон хатуу хөл хорионы талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл өглөө.
Тус хороонд өнөөдөр өглөөнөөс эхлэн тав хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох юм. Энэ хугацаанд хорооны айл өрхүүдээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх аж.
БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх “Эрүүл мэндийн сайд, Дүүргийн эрүүл мэндийн төвөөс ирсэн хүсэлтийн дагуу дүүргийн Засаг дарга захирамж гаргаж хөл хорио тогтоодог. Одоогийн байдлаар 26 дугаар хороон дээр тандалт судалгааны 20 баг ажиллаж байна. Маргаашдаа багтаагаад бүх иргэдээ шинжилгээнд хамруулах бөгөөд хөл хорионы хугацаанд 50-65-аас дээш насныхныг вакцинжуулах ажлыг хийнэ. Байрны хороолол дээр нэлээд голомтолж гарах шинж ажиглагдаж байсан. Манай дүүргийн 26 дугаар хороо бол хамгийн том хороо бөгөөд нийт 31 мянган хүн амтай. Бид тус хорооны 18-аас дээс насны 16 мянга гаруй иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн. Мөн 50-65 насны 2500 гаруй иргэнийг вакцинд хамруулна. Нийт 180 гаруй байр, 270 гаруй орцонд ариутгал хийнэ” гэлээ.
Л.Баяр