Цоохор ирвэс бол нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “ховор” зүйл хэмээн үнэлэгдсэн өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан юм.
Тухайн газар нутагт цоохор ирвэс байгаа нь байгалийн унаган төрхөө хадгалж байгааг нотолж буй юм. Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс байхгүй болчихвол тухайн нутгийн байгалийн зохилдлогоо алдагдана. Цоохор ирвэс ийм л чухал амьтан юм. Монгол орны цоохор ирвэсийн гол идэш тэжээл нь янгир ямаа бөгөөд аргаль, хонь, тарвага, туулай, огдой, бусад мэрэгч амьтан. Мөн хойлог, хахилаг, ятуу зэрэг шувуугаар хооллоно.
Цоохор ирвэсийн олзоо барьдаг үндсэн арга нь гэтэж байгаад огцом үсэрч, олз бологч амьтан дээрээ буудаг. Ингэж үсрэхэд сүүл нь залуурын үүрэг гүйцэтгэдэг. Хол зайд үсрэхэд хүчирхэг хойд хөлийн түлхэлт гол үүрэгтэй. Идэш тэжээл бологч амьтад руу гэтэн үсрэхдээ 14 метр хүртэл харайх чадвартай. “Уулын эзэн” цоохор ирвэсийг устахаас нь өмнө хамгаалъя.
Экологийн цагдаагийн алба