“Бүх зүйлээс залхсан мэт санагдах, хаа нэгтээ хэний ч мэдэхгүй газарт очмоор байх” зэрэг бодол толгойд орж ирэх нь амьдралд өөрчлөлт хэрэгтэй байгаагийн дохио байдаг.
Ихэнх хүмүүсийн амьдрал тодорхой бус байдаг. Зөвхөн бусдын нүдэнд харагдах байдлаараа ч биш угаас өөрийгөө юуны төлөө, яах гэж амьдраад байгаагаа тодорхойлоогүй, өөрийгөө олоогүй хүн олон бий.
Гэхдээ зүгээр дээ, угаасаа өөрийгөө нээж таних гэдэг нь хүн бүрийн амьдралдаа заавал хийх зүйлсийн нэг шүү дээ. Тиймээс өөрчлөлтийг эхлүүлж байгаа нь өөрөө том алхам болно.
Эхлээд яагаад өөрчлөгдөх хэрэгтэй вэ, яагаад өөрчлөгдөхийг хүсэж байна вэ? гэдгээ олж тогтоо. Хэдий бодол дотор чинь тодорхой байсан ч заавал нэг цаасан дээр ил гаргаж бичээрэй. Үүний тулд доорх асуултуудыг өөрөөсөө асууж, хариултыг нь заавал олох хэрэгтэй:
1. Би амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг уу?
2. Миний амьдралдаа гаргасан хамгийн том амжилт юу вэ?
3. Хэрвээ хэн ч миний зөв бурууг шүүхгүй бол би хамгийн түрүүнд юу хийх вэ?
4. Хэрвээ дуртай зүйлээ хийх бүрэн боломж надад олдвол би юунаас эхлэх вэ?
5. Хэрвээ надад их хэмжээний мөнгө байсан бол би юунд зориулах вэ?
6. Дэлхийн дээрх алдартай хүмүүсээс би хэнээс нь үлгэр жишээ авдаг вэ? Яагаад?
Өөрчлөлтийн төлөө дараах энгийн алхмуудыг хийгээрэй.
1. Эерэг хүмүүстэй цагийг өнгөрүүл
Үргэлж сайхныг ярьж, чамд урам өгч, чамайг дэмждэг нүүрэнд нь инээмсэглэл тодорсон, болно бүтнэ гэдэг хүмүүстэй хамт байхыг эрхэмлээрэй. Хэрвээ эргэн тойронд чинь тийм хүн байхгүй бол идэвхтэй байж, эрэл хайгуул хийж, хүрээллээ өөрчил. Мөн бусадтай ярилцаж, сэтгэлээ уудалж, нээлттэй байж, тэдний амьдралын тухай үзэл бодлыг нь сонсоорой. Магадгүй чи ойр тойрныхныхоо гэгээлэг сайхныг анзаараагүй ч байгаа юм билүү.
2. Байн байн өөрийгөө баярлуулж сур.
Ганц удаа ч болов өөрөөсөө юу ч харамлахгүйгээр өөрийгөө баярлуулаарай. Идэхийг хүссэн амттан, өмсөхийг хүссэн хувцсаа ав. Өдийг хүртэл ямар мундаг байснаа сануулж өөртөө урам зориг өгөөрэй.
3. Өөрийгөө бага багаар шинээр бүтээ.
Өөрийгөө өөрчилж чадсан хүнд дэлхий ертөнцийг ч өөрчлөх хүчтэй байдаг. Яагаад гэвэл өөрийгөө өөрчилж шинээр бүтээж байгаа хүн хувь хүний ертөнцөө бүрэн таньсан байдаг. Тиймээс өнөөдрөөс жижигхэн зүйл дээр ч хийж буй үйлдэл хэлж буй үгээ хянаж өөрийгөө бага багаар засаж залруулаарай. Бусадтай харилцахдаа үргэлж эелдэг бай гэж өөртөө сануул. Уурыг чинь хүргэсэн үйл явдалд ч ухаантай хандана гэж амлаж, үүнийгээ хэрэгжүүлээрэй.
4. Өөрийнхөө юу чадахыг харуул, бүү хойш суу.
Санаанд чинь багтаж байгаа бүхэнд “Би чадна” гэж хэл, өөртөө итгүүл. Харин дараа нь тэр бүхнээ чадахын төлөө хичээгээрэй. Хамгийн гол нь хойш бүү суу. Үргэлж урагш тэмүүл.
5. Саад бэрхшээлтэй зоригтойгоор нүүр тулж, давж гар.
Саад бэрхшээл бүхнээс хүн туршлага хуримтлуулдаг. Тиймдээ ч энэ бол зүгээр л ажлын нэг хэсэг, замд чинь тааралдсан нэг даваа л юм. “Хэрвээ чи алдаа гаргаагүй бол юу ч хийгээгүйтэй адил” гэсэн үг ч байдаг шүү дээ. Тиймээс хийх гэж оролд, бүтэлгүйт. Хамгийн гол нь тэр бүхнийг инээмсэглээд л даваад гарчих сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
6. Одоо л эхэл.
Эцэст нь маргааш биш, ирэх долоо хоногт биш яг одооноос …
Эх сурвалж: Монголын өсвөрийн сэтгэл зүйчдын холбоо