Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээн идэвхжүүлэх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай бизнесийн зээлийг иргэн, ААН, ЖДҮ эрхлэгч нарт өнгөрсөн 7 хоногоос олгож эхэлсэнюм.
Уг хөнгөлөлттэй зээлийг авахаар 3300 ААН, 25 мянган иргэн хүсэлтээ гаргаад байна. Энэ зээлийг авах ААН-д төр, засгаас НӨАТ төлөгч байх ганцхан шаардлага тавьж байна. Зээлд бизнес хийдэг, орлого олдог, өрхөө тэжээдэг, ажлын байр бий болгодог, 2-3, түүнээс дээш тооны хүнийг цалин олгодог иргэнд 50 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй олгож, зөрүү 7 хувийг төрөөс гарган зээлдэгч иргэдийг санхүүжүүлэх замаар олгоно.
Урьдчилсан судалгаагаар нийт 500-600 тэрбум төгрөгийг 20-25 мянган иргэнд олгох тоо гарсан аж. Харин ААН-үүдийн хувьд 500 сая хүртэл төгрөгийг олгож, хэрэв тухайн ААН хүсвэл, шаардлагатай бол, мөн барьцаа хөрөнгө хүрэхгүй нөхцөлд авах зээлийнхээ 60 хүртэлх хувь дээр Зээлийн батлан даалтын сангаас буюу төрөөс баталгаа гаргуулаад арилжааны банкуудаас авах юм байна.
Тухайлбал, өрхийн зээлийн хувьд 15-30 сая төгрөг хүртэлх зээлд үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй, эргэлтийн хөрөнгө шаардах юм. Хэрэв үл хөдлөх хөрөнгөө барьцаална гэвэл нийслэлд 65 хувиар, орон нутагт 50 хувиар, ЖДҮ эрхлэгч нарт орон сууцны биш үл хөдлөх хөрөнгийг 40-70 хувиар үнэлэхээ арилжааны банкууд мэдэгдэж байна.
Б.Эрдэнэ