Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир нар мэдээлэл хийлээ.
Гуравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдлаа.
Хүчтэй салхи шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10 гаруй аймгийн 46 суманд нийт 548 хүн төөрч, сураггүй болсон дуудлагаар аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.
Улмаар цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас нийт есөн аймагт 548 иргэн сураггүй болсон дуудлагыг ОБЕГ хүлээн авсан байна. Үүнээс 467 иргэнийг эсэн мэнд олоод байна. Үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Уг хайж буй 81 иргэний 68 нь Дундговь аймгийнх иргэд юм.
Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 58 гэр, 120 гаруй хашаа саравч нурсан. 20 байшингийн дээвэр хуурсан, орон нутагт 1200 мал шуурга уруудсан байна.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 3 дугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 орчим км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан.
Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийн дээрх 3 аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна. Унасан тулгуур баганыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байна.
Мөн Зүүн бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах агаарын шугамын 207 дугаар шугамд гэмтэл гарч Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарсан. Гэмтлийг даруй арилгаж хэвийн байдалд шилжүүлсэн
Б.Эрдэнэ