Монголын нийгэмд мууд дурлах донтой болж, нийгмийн сэтгэхүйг хогийн ургамал мэт бүрхсэн талаар Б.Шүүдэрцэцэг пэйж хуудастаа бичсэн бичвэрийг хүргэж байна.
Хүний мууд дурлах дон манай нийгмийн сэтгэхүйд гүн гүнзгий нэвчжээ.
Хориод жилийн өмнө Монголд ид цэцэглэж байсан шар сониноос тэр муу муухайд дурлах донтолт соёолж ургасаар өнөөдөр нийгмийн сэтгэхүйг хогийн ургамал мэт бүрхсэн байна.
Хийж бүтээж, босгож буй сайн сайхан мэдээг хэн ч сонирхохгүй атал, айл гэрийн хэрүүл, авгай нөхрийн зодоон, хадам бэрийн дайралцаан, хонгилын шүүгчийн бичлэг, хэн нэгний солиоролд нийтээрээ баасны ялаа шиг шавааран батгана мэт дүнгэнэлдэх юм.
Өнөөдөр монголчууд бид COVID-19 вирусээс илүү, энэ муу муухайд донтсон СЭТГЭЦИЙН КОРОНА нянгаасаа ангижрахад анхаарах цаг болжээ!!! COVID-19 төрлийн корона вирусаас вакцинаар ангижрах өдөр удахгүй ирнэ! Харин, дэлхий ертөнц корона вирусаас салж, эдийн засгийн бүүм болж хөгжин цэцэглэх тэр цагт Монголчууд бид муу муухайд донтсон СЭТГЭЦИЙН КОРОНА-тайгаа аанай л авгай нөхрийн хэрүүл зодоон, галзуу солиотой хүмүүсийнхээ бичлэг дээр овооролдсоор, ядуу зүдүү, гуйлга гуйж бадар барьсан хэвээрээ орчлонгийн хог дээр хаягдаад хоцрох нь байна шүү!!!!
Гэсэн атал нөгөө хэл ам, хэрүүл зодооноо дараагийн нэг бохир дуулианы сургаар таг мартаад хаях нь яг л ялааны ой санамжтайг харуулах юм.
Уран бүтээлч Э,А хоёр хамтран бүтээл туурвилаа гэвэл түй ч сонин биш, гэлээн гэх нь бүү хэл, гөлөөг ч гэх хүн гарахгүй!
Харин, Э, А хоёр үсдэлцэж буй бичлэг гэвэл шаагиад ороод ирнэ дээ.
За тэгээд ил гялалзаж хийж бүтээж яваа хүнд санаа сэтгэл, материаллаг дэмжлэг хэзээ ч өгөхгүй хэрнээ өвдлөө гэвэл өрөвдөх хүн гарч ирнэ, үхлээ гэвэл түүнээс сайн сайхан хүний дээд, ариуссан сахиусан тэнгэр бодисадваа үгүй болоод явчихна!
Аль сайхан үг, ам дүүрэн магтаалаа амьд хүнээс юунд харамладаг юм бэ?!
Эрүүл саруул, энх эсэн яваа хүнд урам, дэмжлэг хамгийн ихээр хэрэгтэй байдаг юм шүү дээ!
Өнөөгийн нийгмийн сэтгэхүй ӨВЧИН, ҮХЭЛ, ХЭРҮҮЛ, ХАРААЛ, ЗОЛГҮЙ ЯВДАЛ, ЯДУУРАЛ ДОРОЙТОЛ-д л донтжээ!
Донтоод буй энэ муу муухай юм нь олон нийтийн оюун санааг улам их буртаглаж, муу муухайг, доройтол, ядуурлыг л дууддаг!
Өөдлөн дэвжиж хөгжиж буй орнуудын хэвлэл мэдээлэл ч дандаа бүтээж хийж байгаа өөдрөг гэгээлэг үйл явдлаа мэдээлж байдаг.
Хөгжингүй орны иргэд ч сайн сайхныг уншиж сонирхож түүндээ тэмүүлж урагшлан хөгждөг биз. Манай зарим сэтгүүлчид ч баасны ялаа шиг муу муухай мэдээний өт цацахдаа шимтэх юм!
Ажиглаад байхад тэр хөрсийг нь масс өөрөө бүрдүүлчихэж.
Би өөрийнхөө энэ орон зайд сайн сайхан, мэдлэгт хэрэгтэй юм бичихээр хандалт нь явахгүй. Харин нүүр номын ээлжит хэрүүлд холбоотой санал бодлоо оруулчихвал намрын азарган бороо дээвэр нүдэх шиг шаагилдаад ороод ирэхийг хараад манай нийгмийн сэтгэлгээ хэрүүл муу муухайд хичнээн их донтсоныг ухаарах юм!
Овжин зальтай улстөрчид ч энэ мал сэтгэхүй дээр нь тоглож, нүүр номд, нийгмийн сүлжээнд ээлжит сэвээ болгон хэрүүл, зодоонтой шинэ сэдэв шидчихээд, амин чухал асуудлуудыг дураараа шийдэж, ашиглаж завшсан булхайгаа ар хударгаар нь нуудаг, мартуулдаг боллоо!!!
Муу муухайд донтсон бохирдсон сэтгэл оюунаа цэвэрлэцгээе хүмүүс ээ!
Хэрэв Та хэрүүл хараал, муу муухайд донтсон бол амьдрал, оюун ухаан тань өс хонзон, бүтэлгүйтэл, уналт, уруудан доройтохоос салахгүй шүү!
Муу нь муугаа, гэрэл гэгээ нь сайн сайхнаа дууддаг нь батлагдсан жам ёс, орчлонгийн эерги эрчмийн хууль, зүй тогтол юм!
Аа, энэ үү? #ЯЛАГСАД эмэгтэйчүүдийн ШИРЭЭНИЙ НОМ байгаасай!
Айлын гадаа адсаган дээр хонож явсан өнчин охиноос төр нийгмийн зүтгэлтэн болсон Сономын Удвал ахайтан, өрнө дорнын шастирт мөнхөрсөн Хотол цагаан гүнж, Америк дахь тохилог амьдралаа орхиод эх оронтой болох гэж Палестины эзгүй цөлд ирж Израил улсыг байгуулсан Израилын анхны эмэгтэй Ерөнхий сайд Голда Меир, Хятадын тосгоны гахайчин охин байснаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Жоу Цюньфэй зэрэг 20 сод эмэгтэйн түүх юм.