Исланд улс Их Британи, Шведийн “AstraZeneca” компанийн коронавирусний вакцинаар хийх дархлаажуулалтыг түр хугацаанд зогсоожээ.
Данид тус вакцинаар тариулсан хүнд тромб буюу цусны бүлэн үүссэний улмаас нас барсан тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан ийнхүү зогсоосон байна.
Исландын эрүүл мэндийн газрын захиргаанаас мэдээлснээр, “AstraZeneca”-н вакцинаар тариулсны дараа цусны бүлэн үүссэн тохиолдол бүртгэгдээгүй аж. Тийнхүү Исланд “AstraZeneca”-н бэлдмэлээр иргэдийг вакцинжуулахаа зогсоосон Европын дөрөв дэх улс болжээ.
Өмнө нь Дани, Норвегиос гадна Италийн эрх баригчид мөн ийм шийдвэр гаргасан байна. Европын эмийн агентлаг вакциныг судалж байгаа ч вакцин, цусны бүлэн хооронд холбоо хамаарал байгаа гэсэн дүгнэлтэд шууд хүрч болохгүй хэмээн Данийн эмч нар мэдэгджээ гэж ХЕЛЬСИНКИ. /DW/ мэдээллийн сайтаас Montsame.mn орчуулан хүргэсэн байна.
Эх сурвалж: ХЕЛЬСИНКИ. /DW/
Montsame.mn