БНСУ-д “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтыг өнгөрсөн сарын сүүлээр эхлүүлснээс хойш вакцины эхний тунг хийлгэсэн зургаан хүнээс халдвар илэрчээ.
БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, даваа гарагт халдварын гурван тохиолдол бүртгэгдээд байсан бол мягмар гарагт дахин гурван тохиолдол илэрсэн байна.
“Pfizer”-ийн вакцины эхний тунг өнгөрсөн долоо хоногт хийлгэсэн Үндэсний эрүүл мэндийн төвийн гурван ажилтны коронавирусний шинжилгээний хариу даваа гарагт эерэг гарсан талаар өмнө нь мэдээлээд байжээ.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, вакцин хийлгэснээс хойш эсрэг биет үүсэхэд хамгийн багадаа 14 хоногийн хугацаа шаардлагатай тул ийнхүү халдвар авсан нь вакцины үр дүнтэй холбоогүй байна.
“Тэд вакцин тариулахаасаа өмнө коронавирусээр халдварласан юм уу эсрэг биет үүсэхээс өмнө халдвар авсан байх магадлалтай” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
БНСУ-д “COVID-19”-ийн хоёр вакциныг тарьж байгаа нь “AstraZeneca”, “Pfizer”-ийн хоёр тунт вакцинууд бөгөөд эхний ээлжид галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газрын ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулж байгаа юм.
“AstraZeneca”-гийн вакциныг одоогоор 65-аас доош насныханд тарьж байгаа боловч эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд 65-аас дээш насныханд хийхийг зөвшөөрөх төлөвтэй байна.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, улсын хэмжээнд хоёрдугаар сарын 26-наас хойш 383 346 хүн вакцины эхний тунг хийлгэснээс 377 138 нь “AstraZeneca”, 6208 нь “Pfizer”-ийн вакцин тариулжээ.
Эх сурвалж: en.yna.co.kr
Орчуулсан Э.Март