Янгир нь Алтайн өвөр говь болон Хангайн гол нуруу, Хөвсгөлийн зарим уулсын ойн бүсээс дээших асга хадаар нутагладаг аж. Эрэгчинг нь тэх гэнэ. Янгир хээлээ 6 сар орчим тээж, тавдугаар сарын дунд үеэр төллөдөг бөгөөд голдуу нэг, заримдаа ихэр ишиг гаргадаг байна.
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “ховордож болзошгүй” хэмээн үнэлэгдсэн. Янгир нь эктопаразит ба эндопаразит олон зүйл амьтдыг биедээ агуулдаг.
Эктопаразиттай тул шаазгай (Pica pica) болон бусад шувуутай симбиоз харилцаа үүсдэг. Тэдгээр шувууд нь янгирын бие дээрх хүнсийг идэх ба харин янгир ийм аргаар биеэ цэвэрлүүлж, ийн харилцан бие биедээ тустай амьдардаг байна. (Fedosenko and Blank, 2001).
Тархан бэлчээрлэдэг нутагтаа янгир өвс ногоо идэж, ургамалжилтад нөлөөлдөг. Тухайн өндөр уулын бүсэд амьдрагч бусад туруутан амьтны зүйлтэй бэлчээр нь давхцах нь ховор учраас өрсөлддөггүй ажээ.
Б.Эрдэнэ