ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх саналаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүллээ. ҮАБЗ-ийн ажлын алба нь Зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудалд байр сууриа илэрхийлэх, шинжээчид нь зөвлөх эрхтэй оролцдог болохоос гишүүд нь зөвлөлийн гишүүдэд мэдэгдэлгүйгээр ажлын нэр барьж улсын хил давдаггүйгээрээ онцлогтой. А.Гансүхийн тухайд автомашины улсын дугаарыг сольж хил давсан, ирэхдээ 20 сая доллар оруулж ирсэн дуулианд нэр холбогдсон нь албан тушаалаас нь түтгэлзүүлэх гол шалтгаан болж өгсөн бололтой. Үүнээс гадна өмгөөлөгч Б.Баасанцогт ҮАБЗ-ийн даргын даалгавараар ажилладаг гэсэн хардлагад өчигдөр мэдэгдэл хийсэн А.Гансүх хангалттай хариу барьж чадсангүй.
А.Гансүхтэй холбоотой хууль бус ажиллагаанууд илэрч, хэвлэлийн хуудсуудын онцлох мэдээгээр өргөмжлөгдсөн энэ өдөр Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба “Ерөнхийлөгч АНУ дахь Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татна” гэсэн мэдээг түгээлээ. Элчин сайдыг эргүүлэн татах шийдвэрээ Ерөнхийлөгч Ерөнхий сайд болоод ХЗДХ-ийн сайд нарын дараалан хийсэн мэдэгдэлд барьсан хариу. Нэг ёсондоо сөргүүлж зэхсэн нүүдэл гэж үзэж байгаа бололтой.
ЕТГ-ын мэдээнд АНУ дахь Элчин сайд Ё.Отгонбаяр хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гаргаагүй. АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлт эдлэх хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах санаачилгыг хангалттай гаргаагүй талаар дурджээ. Гэвч энэ нь ердөө өнгөлөн далдлалт бөгөөд гол зорилго нь Элчин сайдыг оффшорын асуудалд буруутгаж, АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар олон нийтийн сүлжээнд илт улс төржсөн өнгөөр дамжуулсан гэж үзэж байгаа юм байна.
Сү.Батболдын гэж нэрлэгдээд байгаа АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхэд очсон гэх хэрэг 1500 хуудсаас бүрдсэн зохион бичлэг байсан. Энэ түүх хэний гараар бүтэж, хэний гараар АНУ-ыг зорьж, эргээд хэний гараар Монголын нийгэмд тархсан бэ гэдгийг өнөөдөр толгойтой бүхэн мэдэх болжээ. Үүнтэй зэрэгцээд сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж хичээсэн Ерөнхийлөгчийн оффшорын түүх дэлгэгдэж, олон нийтийн дургүйцлийг хөдөлгөөд байсан билээ. Ийм өдрүүдэд Ерөнхийлөгч хамгийн түрүү АНУ-д суугаа Элчин сайдаараа оролдож байгаа нь 2017 онд дөнгөж Ерөнхийлөгчөөр сонгогдоод Их Британи, Швейд Улсад Элчин сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан нарыг ангуучилж байсан явдлыг эргэн сануулах аж.
Ойрын өдрүүдэд түүний хамгийн ойрын найз А.Гансүхийн тухай өөр нэгэн ноцтой баримт ил гарч ирнэ гэсэн дохиог ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр цахим хуудсаараа дамжуулан өгчихлөө. Энэ бол Жапан тауны хэрэг гэдгийг ч тэр цухасхан дурджээ. Хууль хяналтынхан 2012 онд Жапан таун хорооллыг барьсан “Суруга Монгол” компанийн 67 настай Япон захирлыг хар тамхины хэргээр саатуулж байсан юм. 2014 онд энэ хэрэг шүүхээр шийдэгдэж, монгол залуучууд Японы иргэнийг гүтгэсэн хэргээр ял авсан нь баримт болоод үлдсэн. Энэ хэргийг сөхөн шалгах хүсэлтийг иргэн Л.Наранбаатар АТГ-т хүргүүлээд чимээ тасарсан юм.
Хэрвээ энэ хэрэг задарч, япон иргэнийг хилс хэргээр баривчлах санаачилга гаргасан улс төрчид тодорсон бол яах вэ. Хэрвээ хэргийг хонгилын гэх шүүгч, өмгөөлөгчид шийдсэн бол яах вэ. Энэ бол нэр холбогдсон хэнд ч таатай нөлөө үзүүлэхгүй асуудал. Учир нь “Суруга Монгол”-ын япон захирал хилс хэргээс арай гэж мултраад Япон руугаа буцсан. “Суруга Монгол” компани дампуурсан. “Суруга Монгол”-ын Улаанбаатарт үлдсэн барилга, байгууламжууд шинэ цагийн, шинэ эзэдтэй болсон. Эздийнх нь ихэнх нь хөрөнгө худалдаж авсан эх үүсвэрээ тайлбарлаж дийлэхгүйд хэргийн учир оршино.
Н.ЧИНЗОРИГ