Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам /цаашид “журам” гэх/-ын зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7, 25.8.9, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын хэрэгжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Улсын дээд шүүхийн Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/-ын авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулахад оршино.
1.2.Энэ журмын дагуу хэрэгжүүлэх Тамгын газрын арга хэмжээ нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгох, мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахад төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгох асуудлыг хэлэлцэхэд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хуульд заасан шаардлага хангасан иргэний баримт бичгийг хүлээн авах, холбогдох баримт бичгийг Улсын дээд шүүхийн шүүгч нарт урьдчилан тараах, танилцах боломжоор хангахад чиглэнэ.
Хоёр. Нэр дэвшүүлэх иргэний баримт бичиг хүлээн авах
2.1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7, 25.8.9 дэх заалтад заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх иргэний баримт бичиг хүлээн авах тухай зарыг Тамгын газар Улсын дээд шүүхийн цахим хуудаст байршуулна.
2.2.Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх иргэний баримт бичиг хүлээн авах зард дор дурдсан зүйлийг тусгана:
2.2.1.нэр дэвшүүлэх албан тушаалын нэр, сул гарсан орон тоо;
2.2.2.нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацаа;
2.2.3.нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хэлбэр /шуудангаар, цахим шууданд PDF, JPEG зэрэг форматаар, эсхүл бичиг хэргийн ажилтанд биечлэн ирүүлэх гэх мэт/;
2.2.4.нэр дэвшигчийн бүрдүүлж өгөх баримт бичгийн жагсаалт;
2.2.5.хариуцсан ажилтны нэр, ажлын утас;
2.2.6.бүрдүүлсэн баримт бичиг, материалыг буцаан өгөхгүй тухай;
2.2.7.цахим хуудаст зар байршуулсан огноо.
2.3.Төрийн эрх бүхий байгууллага Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу бүх нийтийн бэлэн байдал, эсхүл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон бол нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах боломжит хэлбэрийг сонгоно.
Гурав. Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг
3.1.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
3.1.1.нэр дэвших тухай хүсэлт /гарын үсэг зурсан байх/;
3.1.2.төрийн албан хаагчийн анкет;
3.1.3.иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт;
3.1.4.боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3.1.5.нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь;
3.1.6.хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт. Үүнд:
3.1.6.1.хууль зүйн мэргэшсэн салбар;
3.1.6.2.улс төрийн мэргэшсэн байдал;
3.1.6.3.мэргэшсэн ажлын туршлага, хугацаа;
3.1.6.4.эрдмийн зэрэг, цол /хамгаалсан сэдэв, огноо, сургууль/;
3.1.6.5.ном, судалгааны бүтээлийн жагсаалт;
3.1.6.6.дээрх шаардлагыг нотолно гэж үзсэн бусад баримт.
3.2.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
3.2.1.төрийн албан хаагчийн анкет;
3.2.2.товч танилцуулга /хувь хүний мэдээлэл, боловсрол, мэргэшсэн байдал, ажил эрхлэлт, шагнал, бүтээл зэргийн тухай/;
3.2.3.иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3.2.4.боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3.2.5.иргэний үнэмлэх дэх хаягаас өөр хаягт оршин суугаа тохиолдолд оршин суугаа хорооны тодорхойлолт, эсхүл ТҮЦ машины лавлагааны эх хувь;
3.2.6.нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь;
3.2.7.төрийн жинхэнэ албанд томилсон тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон ажлын тодорхойлолт.
Дөрөв. Хуульд заасан шаардлага, ирүүлсэн баримт бичгийн бүрдлийг шалгах, нэр дэвшигчдийг нийтэд мэдээлэх
4.1.Нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг, материалыг бичиг хэргийн ажилтан огноо, цаг минутаар бүртгэж, хариуцсан ажилтанд даруй шилжүүлнэ.
4.2.Нэр дэвшигч бүрдэл дутуу баримт бичгийг зард дурдсан баримт бичиг хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө нөхөн ирүүлсэн бол хариуцсан ажилтан тэмдэглэл үйлдэн авна.
4.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байх шаардлагыг хангасан эсэхийг түүний бүрдүүлсэн баримт бичигт үндэслэн Тамгын газар шалгана.
4.4.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагч байх шаардлагыг хангасан эсэхийг түүний бүрдүүлсэн баримт бичигт үндэслэн Тамгын газар шалгана.
4.5.Хэрэв нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангаагүй бол нэр дэвшигчийн баримт бичиг, холбогдох материалыг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй бөгөөд тийнхүү шаардлага хангаагүй талаар тухайн иргэнд Тамгын газар утсаар болон цахим шуудангаар, эсхүл бичгээр даруй мэдэгдэнэ. Тухайн иргэн мэдэгдлийг эс зөвшөөрвөл Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд хүсэлтээ бичгээр гаргаж, хэлэлцүүлэх эрхтэй.
4.6.Тамгын газар хуульд заасан шаардлага хангасан, баримт бичгийн бүрдэл хангасан нэр дэвшигч ял шийтгэлтэй эсэх талаар эрх бүхий байгууллагаас лавлагаа гаргуулан авна. Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх нэр дэвшигчдийн жагсаалтыг олон нийтэд цахим хуудсаар дамжуулан мэдээлж болно.
4.7.Нийт шүүгчийн хуралдааны нарийн бичгийн дарга, шаардлагатай тохиолдолд мэдээлэл технологийн ажилтан хуульд заасан шаардлага, баримт бичгийн бүрдэл хангасан нэр дэвшигчийн талаарх танилцуулга материалыг ирүүлсэн дарааллаар бэлтгэж Тамгын газрын даргад танилцуулах бөгөөд түүний даалгаснаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасан хугацаанаас өмнө шүүгч нарт танилцуулга материалыг тарааж хуралдааны бэлтгэл хангана.
4.8.Хэвлэл мэдээллийн байгууллага, бусад этгээд нэр дэвшүүлэх зарын дагуу баримт бичиг, материалаа ирүүлсэн иргэдийн талаар мэдээлэл авахыг хүссэн тохиолдолд Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нэр дэвшүүлсэн иргэдийн хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу мэдээлж болно.
Тав. Бусад зүйл
5.1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Санал болгосон хүнийг Улсын Их Хурал Цэцийн гишүүнээр томилохоос татгалзсан бол санал оруулсан байгууллага, албан тушаалтан долоо хоногийн дотор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасны дагуу Улсын дээд шүүх өөр хүнийг санал болгох нөхцөлд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгээр зохицуулсны дагуу Ерөнхий шүүгчийн даалгаснаар Тамгын газар энэ журамд заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.2.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ журмын дагуу хэлэлцэх асуудал, гаргасан шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй байна.