Америкийн CBS суваг хоёрдугаар сарын дундуур Сассексийн гүн, гүнгийн ахайтан нарыг Опра Уинфрид ярилцлага өгнө, уг ярилцлага нь хосыг Британийн хатан хааны гэр бүлийг орхиж, АНУ-д нүүж ирснээс хойших анхны ярилцлага болно гэж мэдэгдэж байсан юм.
Үзэгч олны анхаарлыг татсан энэ ярилцлагыг гаргахаас өмнө уулзалтын хэсгүүдийг гаргаж улам сонирхол татаж байсан юм. Тэр ч утгаараа энэхүү теле ярилцлагыг АНУ-д 100 сая гаруй хүн үзэж, америк хөлбөмбөгийн АНУ-ын аварга шалгаруулах тэмцээн “Супербоул”-ыг давж гарч чаджээ.
Букингемийн ордноос тэдний ярилцлагыг мэдэж байсан хэдий ч ямар нэгэн тусгай арга хэмжээ огт аваагүй юм.
Опра Уинфри эхлээд Меган Марклтай хоёулхнаа ярилцаж байгаад дараа нь Харри тэдэн дээр нэгдсэн аж.
Меган ярилцлагын үеэр Харригийн ээж, Диана гүнжийн үнэт эдлэлийг зүүсэн байлаа. Бүхнийг илчилсэн ярилцлагыг дэлхий дахинаа цацагдахад Диана гүнж хамт байгаасай гэсэндээ Харри эхнэрээ үүнийг зүүхийг ятгасан гэнэ. Одоо ярилцлагын сонирхолтой хэсгүүдээс хүргэе.
Меган хатан хаантай анх уулзсан тухайгаа
Надад өвдөг нугалан мэхийн мэндчилэхийг хүртэл зааж өгсөн. Уг нь би тэгэх хэрэггүй байх аа гэж чин сэтгэлээсээ бодож байсан юм. Гэр бүл дотор ийм зүйл шаардлагагүй байх аа гэж бодсон. Тэгээд бүр Харрид “Энэ чинь чиний эмээ шүү дээ” гэж хэлэхэд тэр хариуд нь “Тэр бол хатан хаан” гэж билээ.
Тэр надад сувдан ээмэг, бас ийм зүүлт бэлэглэсэн юм. Хатан хааны машинд түүний дулаацах гэж хөлөө ороодог хөнжил байсан. Хатан хаан тэр хөнжлийг миний өвдөг дээр хучиж өгч билээ. Тэр үед л шууд тэр ч бас миний эмээ гэх бодол төрсөн.
Хуримын талаар
Харри бид хоёр хуримын өдрийг дэлхий дахинаа төлөвлөгдсөн ёслол болохыг мэдэж байсан. Харин гэрлэх ёслол тэрхүү ёслолоос 3 хоногийн өмнө болсон.
Меган хатан хааны гэр бүлд байсан амьдралынхаа тухай
Ганцаардсан, тусгаарлагдмал амьдрал байлаа. Намайг найз нөхөдтэйгөө уулзахыг зөвшөөрдөггүй байсан. Учир нь ийм уулзалтыг хэвлэл мэдээллээр байнга цацчихна. Би хаа сайгүй байсан хэрнээ өөрөө бол хаана ч байгаагүй юм.
Би карьераа, амьдралаа орхисон. Түүнд хайртай болохоор бүгдийг орхисон. Би түүний гэр бүлд захидал бичиж, бүгдийг зориулахад бэлэн, намайг хүссэндээ ашиглаарай л гэсэн. Гэвч ямар ч зааварчилгаа, тусламж надад ирээгүй. Би бүр Британийн төрийн дууллыг ч мэдэхгүй байхад ордны хэн ч энэ талаар бодоогүй гээд бод доо. Ямар сайндаа л шөнийн цагаар гүүглдэж, цээжилж байсан гэж төсөөл. Тэд надаар бахархаасай гэж би хүсэж байсан юм.
Арчи хүүгийнхээ талаар
Меган: Букингемийн ордонд хүүхдийн арьсны өнгө ямархуу хар байх бол оо гэсэн багагүй айдас, маргаан байсан. (Меган Марклын ээж хар арьстан)
Харри: Үнэхээр тийм яриа байсан. Би энэ талаар хэзээ ч хэлэхгүй. Эхэндээ надад эвгүй байсан ч дараа нь би үнэхээр шоконд орсон.
Хоёр дахь хүүхдийнхээ талаар
Бид охинтой болно. Энэ зун төрнө.
Арьс өнгөний ялгаварлалын талаар
Бид, бидний харилцаа, Меганы арьсны онцлогийн талаар манай гэр бүлд биднийг дэмждэгээ илэрхийлэх олон боломж гарч байсан. Британийн парламентад консерваторууд, лейбористууд адилхан л Меганы тухай бичсэн нийтлэл, гарчгуудын талаар ярьж байлаа. Тэгэн ч энэ сэдвийг манай гэр бүлийн хэн нь ч хэзээ ч хөндөж байгаагүй. Үнэхээр гомдмоор.
Ялгаварлан ханддаг байсан талаар
Хунтайж Уильямын эхнэр Кейт Миддлтон жирэмсэн үедээ зургаа авахуулахад бүгд л түүнийг магтаж байлаа. Харин дараа нь миний зургийг тэгж авахад Британийн хэвлэлүүд намайг бардамж, алдар нэрд дуртай хэмээн буруутгаж байлаа. Сэтгүүлчид намайг Кейт шиг жирэмсэн байхдаа авокадо иддэгийг мэдсэн үедээ Кейтийг авокадо идвэл бие нь дээрдэнэ гэж байхад намайг болохоор хоосолж цөлмөх дуртайдаа л ингэж идэж байна гэдэг байв.
Меган Маркл, Кейт Миддлтон нарын харилцааны талаар
Фирм (Харри, Меган хоёр хатан хааны гэр бүлийг ингэж нэрлэдэг) хамгийн таагүй түүхийг үгүйсгэж ч мэднэ. Гэхдээ намайг Кейтийг уйлуулсан гэх зохиомол яриа намайг зохион байгуулалттайгаар устгах ажиллагааны эхлэл байсан юм. Энэ түүх худлаа гэдгийг бүгд л мэдэж байсан. Харин тэр өөрөө үгүйсгээгүй байхад бид яаж тэгэх юм бэ?
Ордны амьдралын талаар
Меган: Би энэ гэр бүлд орж ирсэн мөчөөс эхлэн нүүх шийдвэр гаргах хүртлээ өөрийнхөө паспорт, жолоочийн үнэмлэхийг ч олж хараагүй. Би урхинд орчихсон байсан.
Харри: Би ч бас урхинд байсан. Би гарц олж харахгүй байлаа. Би урхинд байгаагаа ч мэддэггүй байж. Энэ бол системийн урхи бөгөөд үүнд манай гэр бүлийнхэн бүгдээрээ орчихсон байгаа. Миний эцэг, миний ах бас л урхинд байгаа. Тэд эндээсээ гарч чадахгүй, үүнд би маш ихээр шаналдаг.
Амиа хорлох бодлын талаар
Харри ямар ихийг алдсан бэ гэдгийг би мэдэж байгаа хэдий ч хэрвээ би эндээс гарч чадаагүй бол амиа хорлох байсан. Би цаашид амьдрахыг хүсэхгүй байсан.
АНУ-д нүүж ирсэн шалтгаан
Меган арьс өнгөний ялгаварлалд яаж өртөж байгааг ойлгохын тулд түүний оронд өөрийгөө тавьж үзэхээс өөр аргагүй болсон. Тэгэхэд их цаг хугацаа ч ороогүй. Би түүх давтагдаасай гэж хүсээгүй (Харригийн ээж Диана 1997 онд амиа алдсан талаар ярьж байна).
Хүү нь АНУ руу нүүснийг хунтайж Чарльз хэрхэн хүлээн авсан талаар
Хатан хааны гэр бүлийн эрх ямбаас татгалзахаа олны өмнө зарлахаас өмнө би хатан хаантай 1, аавтайгаа 2 удаа уулзсан. Түүнээс хойш тэр миний дуудлагыг авахаа ч больсон.
Диана гүнжийн талаар
Бүх зүйл ингэж өрнөсөнд ээж минь маш ихээр урам нь хугарах байсан гэж боддог. Гэхдээ эцсийн дүндээ тэр биднийг аз жаргалтай байхыг л хүсэх байсан.
Санхүүгийн хувьд одоо байгаа бүхэн минь ээжээс минь үлдсэн. Үүнгүйгээр бид АНУ-д нүүж ирж ч чадахгүй байсан. Тэр энэ бүгдийг урьдчилан харсан байх. Энэ бүхэнд тэр байнга дэргэд минь байсан гэдгийг би мэдэрсэн.
Меганы ярилцлагад ирэх хариу үйлдлийн талаар
Би амьдралаа айдас дунд өнгөрөөмөөргүй байна.
Ханхүүд дурладаг үлгэрийн төгсгөлийн талаар
Энэ бол та бүхний уншиж байсан ямар ч үлгэрээс илүү үлгэр.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Марта