Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө” хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан Засгийн газар болон Монголбанкнаас мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: “Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг танилцуулсан.
Үүнээс хойш аж ахуй нэгж /ААН/, иргэдээ дэмжих зээлийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлж байна. Иргэд, ААН-ийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зээлийг төрөөс 60 хувь хүртэл батлан даахаар болсон.
Бид арилжааны банкуудаар дамжуулж, хоёр их наядын ажлын байр хадгалах зээл гаргахаар боллоо. Иймд төрөөс зээлийн нөхцөл дээр НӨАТ төлөгч, улсдаа данстай байх шаардлага тавьж байгаа.
Энэ нь зөвхөн ААН-д хамааралтай. Уг төлөвлөгөөг танилцуулснаас хойш банкууд дээр маш олон хүсэлтүүд ирж байна. Мөн энэ зээлийн үйлчилгээнд иргэд хамрагдах бөгөөд бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана.
Дээрх зээлийг зөвхөн орлого олдог, ажлын байр бий болгодог, ажилчдад цалин олгодог иргэдэд бизнесийн зориулалттайгаар олгоно. Иймд энэ чиглэлээр арилжааны банкуудтай хамтран судалгаагаар 50 сая төгрөг хүртэлх орлого олдог иргэдэд бизнесийн зээл олгох юм. Харин ААН-дийн хувьд 500 сая хүртэлх, шаардлагатай бол зээлийн батлан даалтын сангаас 60 хувь хүртэл батлан даалгаж, зээл авах боломжтой юм” гэлээ.
Б.Эрдэнэ