Ардчилсан Нам ард түмний итгэлийг алдаж, удаа дараа навс ялагдан, дотоод зөрчил нь туйлдаа хүрч, сүйрэл мөхлийн ирмэг дээр ирээд байна. Үүнд Хэн, Юу буруутай вэ? Монголын улс төрийн нэг тулгуур багана болсон АН яагаад ийм эмгэнэлт байдалд хүрэв? Ардчиллын цайзыг хэн нураасан бэ? Засгийн газрыг огцруулж, лидерүүд, Ерөнхий сайд нар, өнгөтэй, өөдтэй гэсэн улс төрч бүрийн нэр хүндийг шавартай хутгах хорлон сүйтгэх ажиллагааг хэн удирдаж, хэн санхүүжүүлж ирсэн бэ?
Маш олон хүн, АН-ын эгэл жирийн гишүүд Женко Х.Баттулга гэж эргэлзэхгүй хэлдэг. Амин хувийн эрх шиг, албан тушаалын шуналдаа хөтлөгдөн АН-ыг ашиглан самарсныг нь жирийн гишүүд бид хэнээр ч хэлүүлэхгүй маш сайн мэднэ. “Эрэл” компанийн Д.Эрдэнэбатын “Эх орон” намаас 2004 онд УИХ-ын гишүүн болж байсан Х.Баттулга АН-ын тооноор орж ирээд, хойморт нь гарч суусан. Хоёр удаа сайд болж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Майдар хот гэх зэрэг үзүүлэн макет харуулж, үлгэр ярьсан. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Майдар хот өнөөдөр хаана байна вэ? Хувийн компани аль 8 жилийн өмнө барьчих байсан төмөр замыг гацааж, Чингис бондын 280 сая доллараар шороо овоолж, эдийн засгаа хорлосон. Байгаль эколог тэр хооронд нь сүйрч, жолооч нар эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Төмөр замын хэрэгт хамт холбогдсон Солонгосын иргэн Ли Жон Ёл гэгчийг 40 сая төгрөг, өөрөөр хэлбэл 280 сая доллар хэргийг 14 мянган доллараар торгоод хаасан нь шударга ёс мөн үү?
Х.Баттулга Ардчилсан намын өнгө болж явсан олон улс төрчийг харлуулах шоунуудыг гардан зохион байгуулсан. Улс төрийн хэрэгтэн болж, шоронд номын санч хийж байгаа М.Энхсайхан “Х.Баттулга өс санадаг, зуумтгай хүн. Өөрийнхөө хар муухайг бусдад чихдэг” гэж онож хэлсэн. Талийгаач М.Батчимэг агсны тагнуулч, Л.Гантөмөрийн “мүүнчин”, Х.Тэмүүжингийн “сайн ах” зэрэг олон ажиллагаанууд хийгдсэн. 2016 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулга өөрөө ялагдаад зогсохгүй, намаа ялагдуулахад том гавьяа байгуулсан.
АН 2012 онд УИХ-д олуулаа болж, Засгийн газраа байгуулсныг хэн нураалаа. Мөрөөрөө ажиллаж байсан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах бичигт “Би заналтайгаар гарын үсэг зурсан” гэж Х.Баттулга хэлж байлаа. АН-ын Хяналтын ерөнхий хороо Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан Х.Баттулга нарын 8 гишүүнийг 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн тогтоол хүртэл гаргаж байсан ч амьдралд хэрэгжээгүй. Заналтайгаар гарын үсэг зурж, Засгийн газраа огцруулсны үр дүнд АН 2016 үсгүй хусуулсан. АН-ын 5 ялалтын менежер Н.Алтанхуягийг Х.Баттулга шанага шиг ашиглаж, жорлонд шидчихсэн гэж Ц.Элбэгдорж л хэлсэн болохоос үнэн үг. Өнөөдөр М.Энхсайхан, Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Б.Болор, Б.Бямбасайхан нар хэний үед хонгилоор чирүүлж, улс төрийн хэрэгтнүүд болсон бэ? Э.Бат-Үүл “Х.Баттулга ардчиллаасаа урваад зогсохгүй, ардчиллыг тэвчихээ болиод үзэн ядах боллоо” гэж бичиж байна.
“Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр өнөөдөр ч Х.Баттулга АН-ыг самарсаар байна. АН хоёр тамгатай болж талцаж байгаа нь Х.Баттулгын ахин нэр дэвших ашиг сонирхлоос үүдэлтэйг бид мэдэж байна. АН-ын хүчинтэй ч бай, хүчингүй ч бай их хурлаар хэлэлцээгүй дүрмийн заалт шургуулсны ард АН-аас нэр дэвших нэр нүүргүй болсон хүний сонирхол нуугдаж байгаа нь тодорхой. Ардчилсан нам Х.Баттулгад ямар өртэй юм бэ? Лидерүүдийг нь нэг бүрчлэн нэр хүндгүй болгож өгсөн гэж, Засгийн газруудыг огцруулсан гэж, өөрийнх нь Ерөнхийлөгч байх үед олноороо хонгилоор чирүүлсэн гэж Х.Баттулгад үйлчлэх ёсгүй.
Ерөнхийлөгчийн сонгууль дөхмөгц Х.Баттулга ашиглаад хаяж явсан АН-ыг ахин ашиглахаар самарч байна. Бид ийм ардчиллыг хүсээгүй. Бид ардчиллаа хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй. С.Зоригийнхоо хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үгийг санацгаая. Түүний хэлснээр “Нэгдүгээрт, улс үндэсний эрх ашиг, Хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашгийг эрэмбэлэх учиртай”-г мартах учиргүй. Бид мартах учиргүй!
Ардчилсан намын хэсэг гишүүд..
Эх сурвалж: Ардчилсан намын гишүүд ардчиллыг дэмжигчид