Нууц байрандаа шүүгчид болон АТГ-ын ажилтныг аваачин бүтэн өдөр архи уусан өмгөөлөгч Б.Баасандоржийн бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн хэрэг нийтийн анхаарлын төвд ороод байгаа. Хамт байсан шүүгчид нь улс төрчдийн гэмт хэргийг шүүн тасалж, ял оноосон хүмүүс байсан нь өмгөөлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс илүү олны анхаарлыг татахад хүргэжээ. Хэн хэнийг томилсон бэ гэдэг хамаарал талаас нь хөөсөн хүмүүс Б.Баасандоржийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн төрсөн дүүгийн найз. А.Гансүхийн дэмжлэгээр МИАТ зэрэг байгууллагуудад албан тушаал хашиж байсныг гаргаад ирсэн юм. Шүүгч, өмгөөлөгчдийн уулзалт жирийн сайхан нөхөрлөдөг хүмүүсийн уулзалт биш гэдэгт бичлэгийг үзсэн бүх хүн итгэлтэй болж, хууль хяналтынхан ч хэргийг мөрдөн шалгаж байгаа бололтой.
Уулзалтын эрэл сурал явсаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх дээр торон тогтож, Ерөнхий сайд өчигдөр “Сүүлийн үед Б.Баасанцогт гэх хүний талаар яригдах болсон. Энэ хүн хэрэг төлөвлөдөг, Х.Идэр, Болдбаатар нарын нэр бүхий шүүгч прокуроруудтай ажилладаг юм байна. Хэдэн жилийн өмнө бид “хонгил” нураах тухай тэмцлийг хийж байсан. Гэтэл өнөөдөр дахиад захиалгаар хэрэг ялладаг хэрэг гарч байна уу гэдэг асуудал гарлаа. Энэ хэрэгт ҮАБЗ-ийн Үндэсний аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй байна” хэмээн ил шулуухан мэдэгдээд авлаа.
Шүүгч, өмгөөлөгчдийн ард нууц ноёнтон шиг сууж байгаа А.Гансүх гэж хэн бэ. Хуульч мэргэжилтэй, АН-ын гишүүн гэсэн ерөнхий тодорхойлолтоос илүү А.Гансүхийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгийн дотнын хүн гэдгээр монголчууд мэднэ. А.Гансүх 2017 оны зун Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход ҮАБЗ-ын Нарийн бичгийн даргаар томилогдож байв. Яг энэ үедээ А.Гансүх алдарт Төмөр замын төслөөс мөнгө завшсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж, юу юугүй хорих анги руу ачигдахдаа тулаад байсан юм. Гэвч Ерөнхийлөгчийн кран хүчтэй ажиллаж, тэр шүүх цагдаагаар шалгагдаж байсан хэрнэ төрийн өндөр дээд албан тушаалд томилогдсон нь үнэн.
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол Монгол төрийн хар хайрцагны бодлого, төрийн аюулгүй байдлын хамгийн нарийн нандин бүхнийг хариуцаж ажилладаг. Улс орны тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагаа, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөл байдлын хариуцдаг энэ албан тушаалд А.Гансүхийг томилогдоход тухайн үед олон хүн эсэргүүцэл үзүүлж байв. Гэсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөгөөр энэ гомдол, саналууд бүдгэрч, А.Гансүх ч нуувчинд орж, жилийн дараа Төмөр замын хэргээ хаалгасан байдаг. Харин Х.Баттулга А.Гансүхийг яагаад сонгосон бэ гэдгээ “Тэр бол хуульч, хонгилоор орсон хүн. Хонгилоор ороод үзнэ гэдэг чинь бид нарын дайсан хэн бэ, Монголыг хөгжүүлдэггүй бодлого хэн бэ гэдгийг харсан учраас томилсон. Өөрөө ярих байхгүй. Би Гансүхэд итгэдэг” гэсэн үгээр тайлбарлаж байсан юм.
Хонгилоор орсон анхны хүмүүсийн нэг А.Гансүх өнөөдөр өөрөө шинэ хонгил үүсгэсэн байж болзошгүй байгаа нь нийгмийн анхаарлыг татаж байгаа юм.
Харин өнөөдөр хэвлэлүүд ҮАБЗ-ийн Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нарын гурван ажилтан цагаан сарын шинийн 1-нд УОК-ийн зөвшөөрлийн хоёр бичгийг хуурамчаар үйлдэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ОХУ руу гарч, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны албан тушаалтнуудтай уулзалт хийсэн. Тэд эргэж ирэхдээ 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинаар 20 сая доллар ачиж ирсэн тухай мэдээллийг өдөр тутмын сонинууд дэлгээд байна. Энэ мөнгө Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулагдана гэсэн таамаглал тодорхой хүрээнд бий болж, монголчууд гаднын мөнгөөр, ихээхэн хар сурталчилгаатай сонгууль хийж болзошгүй байна.
Тэд автомашины дугааруудыг өөрчилсөн, коронавирусын хөл хатуу хөл хорио үйлчилж байсан өдрүүдээр хамт хил гарсан 3 этгээдийн нэг болох Ж.Бямбацогт одоо хүртэл Монголд ирээгүй зэрэг баримтуудыг дэлгэсэн сонинууд А.Гансүхээс тайлбар шаардаж байна.
Шударга ёс талаасаа ч, асуудлыг улстөржүүллээ гэдэг гомдол талаас ч энэ нь байж ёстой асуудал бөгөөд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх таныг үүсээд байгаа нөхцөл байдалд үнэн бодитой тайлбар өгөхийг иргэд ч бас шаардаж байна.
Б.Чинзориг