Улсын Драмын эрдмийн театрын ажилчдаас коронавирусийн халдвар илэрсэн тул тус театрын зүгээс гуравдугаар сарын 4-нөөс эхлүүлээд байсан тоглолтуудаа өнөөдрөөс эхлэн цуцалж байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалжийн хэлснээр халдварын тохиолдлууд батлагдсан ч одоогоор тоог хэлэх боломжгүй гэлээ.
УДЭТ-аас албан ёсоор мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын драмын эрдмийн театрын эрхэм үйлчлүүлэгч, үзэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13/7/12 дугаартай албан мэдэгдэл, холбогдох хууль дүрэм журмыг үндэслэн коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан үзэгчид, уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ны өдрийг хүртэлх хугацаанд тоглогдох байсан “Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдсаныг үүгээр мэдэгдэж үзэгч та бүхнээсээ хүлцэл өчье.
Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд дээрх хугацаан дахь худалдан авсан тасалбарыг тоглолт зөвшөөрөгдсөн үед шилжүүлэн үзэх, тасалбар буцаалт хийх боломжтой болохыг үүгээр уламжилж байна гэжээ.
Иймд тасалбар авсан иргэд буцаах боломжтойг мэдэгдэлд дурдсан байна.