Европын Холбоогоор дамжуулан Бүгд Найрамдах Франц улсаас “COVID-19” цар тахалтай тэмцэхэд зориулан 54 мянган евро буюу 184 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг манай улсад олголоо.
Энэхүү тусламж нь цар тахалтай тэмцэхэд төдийгүй өвчтөний хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэхэд цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой юм.
Уг ёслолд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христей, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин нар оролцов.
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжиж байгаад ялангуяа ГССҮТ болон Франц улсын эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байгаагаа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайд Траян Лауренцю Христей илэрхийллээ.
ГССҮТ-д 20 гаруй жилийн турш Франц улсын эмч, мэргэжилтнүүд ирж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний шинэ арга барилыг монгол эмч нарт зааж сургах, Франц улсад дадлагажуулах, эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, сэхээн амьдруулах тасаг, яаралтай тусламжийн тасгуудыг шинэчлэх зэрэг бодитой олон ажлыг хийсэн байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ хүнд хэцүү үед Монгол Улсад үүсч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд тусламж үзүүлж буй Европын Холбоо, Бүгд Найрамдах Франц Улс болон Францын ард түмэнд Эрүүл мэндийн сайд гүн талархал илэрхийлсэн юм.
Эрүүл мэндийн яам