Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 20 орчим хувь нь супер тараагчид (superspreaders) байдаг гэнэ. Ийм этгээдүүд халдварыг супер үр дүнтэй тараадаг бөгөөд тархвар судлалын үнэлгээгээр эргэн тойрондоо ковид тараагчдын 80 хувь нь тэднээс болдог аж. Тэгэхээр “супер тараагчид”-ыг цар тахлын гол хөдөлгөгч хүч гэж үзэж болно хэмээн судлаачид үзэж байна.
Бид энэ супер тараагчидтай хаана тулгарах магадлал хамгийн өндөр хийгээд тэднийг ямар шинжээр нь таньж болох, вакцжинжуулалт ямар үүрэгтэй вэ зэрэг асуудлаар Оросын Нийгмийн эрүүл мэндийн шинжээч профессор Артем Гиль ярьж байна.
БИОЛОГИОС СЭТГЭЛ ЗҮЙ ХҮРТЭЛ
-Вирус судлаачид өнөөдөр аль нэг хүний ялгаруулах коронавирусийн тоо хэмжээнд илүүтэй ач холбогдол өгч байна. Хүн бүрт биеийн биологийн шингэнд нь вирусийн ачаалал харилцан адилгүй бөгөөд амьсгалах, ярих, дуулахад нь ялгарч байдаг. Энэ бол шүлс, салст болон аэрозоль хэлбэрийн жижиг дуслууд юм. Супер тараагчдад ийм шингэнд вирусийн хэсгийн агууламж нь онцгой өндөр байдаг гэж шинжээч ярьжээ.
Цар тахлын үеэрх хүмүүсийн зан байдлыг судалдаг өөр эрдэмтдийн хэлснээр бол супер тахаалтыг сэтгэл санаа, сэтгэл зүйн байдал болон хүний бусад онцлогуудтай холбон үздэг байна. Тэдний гол дүр төрх нь нийгэмших дуртай, нийтэч, хүн ихтэй газар байх сонирхолтой хүмүүс юм.
СУПЕР ТАРААГЧИДТАЙ ХААНА УЧРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР ВЭ
-Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хүмүүсийн шилжилт хөдөлгөөнөөс шалтгаанлан халдвар хэрхэн тархсаныг судлах загварчлал гаргаж, кластер газруудын жагсаалтыг гаргажээ. Тэгтэл COVID-19-ийн супер тархац спорт заал, баар, ресторануудад нэлээд гарсан байна.
Гэхдээ хэд хэдэн нөхцөл давхцах ёстой. Тухайлбал, шинж тэмдэггүй халдвар тээгч ирээд, вирус идэвхтэй ялгаруулаад, хүмүүстэй нэлээд идэвхтэй харьцах буюу ярих, дуулах, спортоор хичээллэж, амьсгалын тоогоо нэмэгдүүлэх юм.
Олон хүн нийтийн хоолны газарт халдвар авах эрсдэл тийм ч өндөр биш үздэг. Судалгаагаар ковидыг супер тараадаг газрууд нь тодорхой шинж бүхий ресторан, кафе болдог. Эдгээр шинжид нь ачаалал ихтэй, хүний урсгал ихтэй, агааржуулалт муутай, хүн хооронд зай барих боломжгүй бүс юм. Стандарт хамгаалалтын зай 1,5-2 метр гэдгийг хүн бүр мэднэ.
Фитнес заалнуудын тухайд хүний биеийн ачаалал нэмэгдэж, амьсгалын гүн дасгал хөдөлгөөн хийгддэг болохоор вирус тээсэн аэрозоль идэвхтэй тархдаг. Энэ үед зай барьсан ч нэмэр бага. Үүнээс гадна хэд хэдэн судалгаагаар тамирчин эрчүүд супер тараагчид болох эрсдэлтэй гэж гарчээ. Тэдний уушгины багтаамж сайн тул их хэмжээний агаар сорж, тэр хэрээр халдвартай агаар тараадаг.
ЗӨВХӨН РЕСТОРАНД Ч БИШ
Хятадын судлаачдын судалгаагаар хүмүүс олон нийтийн газарт гэхээсээ илүү орон гэртээ хамгийн их халдвар авч байжээ. Үүнд үндэстний соёлын онцлог харагдана. Хятадад нийгмийн амьдрал, хүмүүс хоорондын харилцаа гадуур ресторанд гэхээсээ илүү дотор гэр бүлд өрнөх нь их байдаг. Баяраар төрөл төрөгсөд нь бөөнөөрөө цугларч, цагийг хамтдаа өнгөрүүлдэг уламжлал байдаг. Тиймээс гэр бүлүүд кластер, халдварын супер тараагчид болох магадлалтай.
ШҮЛСНИЙ ШИНЖ ЧАНАРТ УДАМШИЛ НӨЛӨӨТЭЙ
-Бас нэгэн чухал хүчин зүйлс бол тухайн хүний шүлс, салстад нөлөөлдөг удамшлын онцлог орно. Зарим хүний биологийн ялгадас илүү зууралданги, зунгааралдсан байхад заримынх нь шингэн байдаг. Хоёр дахь төрлийн хүн ярих, амьсгалах үед шүлс, салстны дуслууд хол зайд тархаж, удаан буудаг байна. Энэ хэрээр халдварлах чанар өсдөг.
Түүнчлэн найтаалтын давтамж ч удамшлынх. Нэг дор 3 дараалан найтаадаг хүмүүс байхад зарим нь 5 болон түүнээс дээш удаа найтаадаг хүмүүстэй таарч байсан биз ээ. Тэд бол супер тараагчид хэмээн шинжээч мэдэгджээ.
БОДИТ ТОХИОЛДОЛ
-Өмнөд Солонгост ковидын шинж тэмдэг нь илэрч амжаагүй 35 настай хятад бүсгүй 2020 оны хоёрдугаар сард хоёр ч сүмээр оржээ. Хожим нь тархвар судлалын шинжилгээгээр түүний сүмд очсон явдал нь 5000 гаруй хүнийг халдварт өртүүлсэн тохиолдол болжээ.
Бельгид мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Санта-Клаус ахмадын асрамжийн газарт мэнд хүргэхээр иржээ. Жүжигчин өөрийгөө өвчтэй гэдгээ мэдэлгүй 127 өндөр настанд халдвар тарааж, 27 нь ковидын хүндрэлийн улмаас өөд болсон аж.
СУПЕР ТАРААГЧДЫН НИЙТЛЭГ 5 ШИНЖ
Профессор Артем Гиль COVID-19-ийн супер тараагчдын нийтлэг 5 шинжийг ийнхүү жагсаажээ.
1. Нийгмийн идэвхтэй: нийтэч, хүн олонтой газар байх дуртай
2. Хамрын хөндий болон шүлсэнд нь вирусийн агууламж өндөр
3. Вирус идэвхтэй ялгаруулсан шинж тэмдэггүй үеүдтэй
4. Зай баримтлаагүй, амны хаалт зүүхээс татгалзсан
5. Генетикийн онцлог буюу шүлс нь зууралданги биш, байнга найтаамтгай.
Эх сурвалж: kp.ru
Орчуулсан: Э.МАРТ