Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээр Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцыг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Нийслэлийн хэмжээнд 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар дархлаажуулалтын 20 цэгээр 15432 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа.
Үүнд, эрүүл мэндийн ажилтан, цар тахлын хариу арга хэмжээнд оролцож байгаа бусад салбарын мэргэжилтнүүд болон үйл ажиллагаа нь зогсолтгүй үргэлжлэх шаардлагатай онцгой ажил, мэргэжил бүхий ААН-үүдийн алба хаагчдыг вакцинжуулах ажил явагдаж байна.
Нийт вакцинд хамрагдсан иргэдийн 41 хувь нь вакцин тариулсны дараа илэрдэг хэвийн урвалууд илэрч байгаа аж. Шинж тэмдгүүдийн хувьд нийт вакцин тариулсан иргэдийн дунд халуурах – 15.5 хувь, дотор муухайрах – 6.5 хувь, булчин өвдөх – 6.7 хувь, тариулсан газар хөндүүрлэх – 13.2 хувь, толгой өвдөх – 16.5 хувь, үе мөч өвдөх – 14.4 хувьд тус тус шинж тэмдэг илэрсэн байна. Одоогоор вакцины ноцтой болон хэвийн бус урвал илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй гэлээ.
Л.Баяр