Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ой 2021 оны 10 дугаар сарын 17-нд тохионо. Ойг угтсан үйл ажиллагаа, ном товхимол, сонин сэтгүүл, зурагт хуудас, сурталчилгааны бэлгэ тэмдэг болгон ашиглах зорилгоор шилдэг лого бүтээх уралдааныг аймгийн ЗДТГ-аас нээлттэй зарласан.
Бүтээлийг 02 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд mta@darkhan.gov.mn цахим хаягаар болон Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 313 тоот өрөөнд файл хэлбэрээр хүлээн авсан. Уг уралдаанд зураач, дизайнер, загвар бүтээгч, урчууд, чөлөөт уран бүтээлч зэрэг нийт 21 иргэний 25 бүтээл ирсэн аж.
Өнөөдөр ойн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хуралдаж шалгаруулалт хийв. Дээрх 25 загвараас Дархан сумын наймдугаар багийн иргэн В.Отгонбатын ирүүлсэн бүтээл шалгарлаа.
Энэхүү бүтээл нь тавигдах шаардлагын дагуу Дархан хотын 60 жилийн ойн утга санаа, цаг хугацаа, бүтээн байгуулалтыг товч, энгийн шууд ойлгогдохоор илэрхийлсэн, хар болон цагаан гадаргуу дээр байршуулах боломжтойгоос гадна бусдаас хуулбарласан, ямар нэг хэсгийг авч ашигласан болон зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх шаардлагыг хангасан гэж ажлын хэсгийнхэн үзсэн ажээ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ