Цар тахал бидний амьдралд олон өөрчлөлт авчирсан. Салбар бүрт эерэг, сөрөг байдлаар нөлөөлөхийн сацуу Ковидын дараах шинэ эгэл амьдралын хэв маягт бид ажил мэргэжил бүрийн онцлогийг олж харан, эмч, цагдаа, онцгой байдал болон эмнэлгийн ажилтнуудыг өндрөөр үнэлэх болсон.
Үүнтэй холбогдуулан дэлхий даяар эдгээр салбарын ажилтнуудын ажлын үнэлэмж нэмэгдэж, тэдний тухай сэдэв анхаарлын төвд ороод байна. Сүүлийн жишээ татахад, Европын холбооны улсуудад эрүүл мэндийн салбарын ажилтнууд, түүн дотроо тусгайлан сувилагч, асрагч нарын цалинг 500 еврогоор нэмж, бусад төрлийн халамжуудыг үзүүлж эхэлжээ.
Дэлхий нийтээр мөрдөн буй тогтвортой хөгжлийн зорилгын тавдугаарт жендерийн эрх тэгш байдлыг хангах хэмээн заасан. ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас энэ чиглэлд түлхүү анхаарч, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэдний хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих, мөн албан тушаал, ажил үүрэг, мэргэжлийн онцлог, давуу талыг нийгэмд таниулах, эерэг хандлага бий болгох зорилгын хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг анхны жилдээ санаачлан, хэрэгжүүлж эхэллээ.
Тус хөтөлбөрийн эхний оролцогчдоор энх тайван, эрүүл оршин байхын төлөө эрүүл мэндийн салбарт зогсолтгүй хөдөлмөрлөж буй 120 сувилагч, асрагчийг хамруулж, хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн аж.
Хөтөлбөрт шалгарсан оролцогчид хувь хүний хөгжил, англи хэл, санхүүгийн боловсрол болон сэтгэлзүйн сургалтаас сонгон суралцах бөгөөд идэвх оролцоо, сурлагын үзүүлэлтээрээ манлайлсан 40 оролцогч дотоодын их, дээд сургуулийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сургалтын төлбөрийн 90 хувийн тэтгэлэг олгох таатай мэдээг дуулгаж байна.
Хөтөлбөрийн хүсэлтийг энэ сарын 5-ны өдрөөс эхлэн хүлээж авах бөгөөд тавигдах шалгуур болон сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
ХААН Банк Сангийн менежер М.Мандахмягмар “ХААН Банк Сан эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд анхаарал хандуулж, эмэгтэйчүүд, тэр дундаа сувилагч, асрагчдыг зорилтот бүлгээр сонгосон.
Учир нь 2019 оны байдлаар Монгол Улсад сувилагч мэргэжилтэй нийт 13 мянга орчим хүн байдаг ба судалгаанд (эх сурвалж) дурдсанаар тэдгээрийн 70 гаруй хувь нь гадаад, дотоодын мэргэжил дээшлүүлэх институтэд суралцах, зэрэг горилох, туршлага хуримтлуулах сонирхолтой байдаг байна. Мөн мэргэжил болон ажлын байрны онцлогоос хамааран гадаад хэл сурах, хувь хүний хөгжлийн чиглэлээр анхаарал хандуулах боломж хомс тухай дурджээ.
Иймд тэдний хэрэгцээ шаардлагад үндэслэн энэхүү ажлыг гүйцэтгэхээр зорилго тавьсан. Мөн цаашид энэхүү хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж, салбар бүрийн эмэгтэйчүүдийг хамруулахад анхаарч ажиллана” хэмээн хэлж байв.
ХААН Банк Сан нь өнгөрсөн хугацаанд нийт таван тэрбум төгрөгийн өртөг бүхий 450 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ эрүүл мэндийн салбарт “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг тус тус зохион байгуулж ирсэн бол энэ удаад эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөрөө мөн эрүүл мэндийн салбараас эхлүүлж байна.