Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тун удахгүй болох Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтээр хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриаллаа.
Тэрбээр уриалгадаа,
“Уриалж байна! Эрсдэл байгаа цагт хүн бүр тодорхойгүй байдлыг удирдан зохицуулахыг хичээдэг. Бид хамтдаа эрсдэлийг тооцож олон зүйлээс татгалзаж чадсан. Настан буурлуудтайгаа цахимаар золгосон. Энхрий үрсээ эрсдэлээс хамгаалж өнөөдөр ч цахимаар хичээллэж байна.
Хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч, аж ахуйн нэгжүүдээ 95 хувь хүртэл нээж ажил амьдралын хэвийн горимд шилжээд удаагүй байна. Харин одоо “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Мартын 8”-ны баярыг хавтгайруулан тэмдэглэж, өөрийгөа болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, хариуцлагатайгаар татгалзахыг эрчүүд, эмэгтэйчүүдээсээ уриалж байна.
Байгууллага, хамт олон, иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах нь үйл ажиллагаагаа цаашдаа хэвийн явуулах, ажил амьдрал хэвийн үргэлжлэх, улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломжийг бүрдүүлнэ.” гэсэн байна.
Шадар сайдын ажлын алба