Хөл хорионы дэглэмийн үеийн онлайн хичээлд давуу тал ч байна, сул тал ч байна. Онлайнаар суралцахад орчин хамгийн чухал. Тав тухтай орчинд бол хүүхэд суугаад хичээлээ хийгээд ойлгоогүй хичээлээ давтаж үзээд болж байна.
Онлайн хичээлээс хоцрогдол үнэхээрийн амьдралын боломж муутай хүүхдүүд гарч ирж байгаа харагдаж байна.
Нийслэлийн Боловсролын газраас теле хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг шалтгааны
- 5 хувь нь өвчтэй
- 2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй
- 19 хувь нь багштайгаа огт холбоо бариагүй
- 25 хувь нь интернетгүй
- 4 хувь нь зурагтгүй
- 10 хувь нь гар утасгүй
- 17 хувь нь дата авах боломжгүй байна гэсэн судалгааг олон нийтэд танилцуулсан.
Боловсролын яамнаас багш нарын чадавхийг идэвхжүүлнэ, харах шаардлага тавиад хичээлээ онлайнаар хийх давхар үүрэг өгчээ.
Багш нар хичээлээ онлайнаар явуулж байгаа ч хүүхдүүдийн ирц үсрээ л 70 хувьд хүрч байгаа мэдээ байна. Яагаад гэвэл хөөрхий хүүхдүүдэд багшийнхаа хичээлийг үзэхийн тулд худалдан авах ёстой дата-ны мөнгө алга. Заримд нь ухаалаг утас ч алга. Ийм бүлгийн хүүхдүүд хичээлээс хоцорч байгааг Боловсролын яам анхаарах ёстой.
Гурван жишээ хэлье.
Жишээ 1: Танилын маань охин одоо 12 дугаар анги. Ирэх хавар ЭЕШ өгнө. Тэр бол гэртээ ганцаараа бие даагаад, өглөөнөөс орой хүртэл хичээлээ хийгээд сурчихсан учраас ээж нь санаа зовохгүй байна.
Жишээ 2: Дүүгийн охин энэ жил 6 дугаар анги. Өнгөрсөн намар Сэлэнгээс онц сурдаг охин ангид нь шилжин ирж найзалсан байна. Гэхдээ охиныд зурагт байхгүй. Гар утас байхгүй учраас найз нь хичээлээ хийж чадахгүй байгаа. Ээж, аав нь ажилтай, гэртээ өвчтэй эгчийгээ хараад, хичээлээсээ хоцроод байгаа найздаа дүүгийн маань хүүхэд санаа нь зовоод “Багш онлайнаар хичээл орно, шалгалт авна гэсэн, та найзыг маань авааад ирээч, тэр л хэцүүдлээ” гээд байдаг. Заримдаа ирдэг, заримдаа авчирч чаддаггүй. Ийм хүүхдүүд хохироод байна.
Жишээ 3: Дунд сургуулийн багш ярьж байна. Онлайнаар хичээл орж болж байна. Давуу тал ч бий, сул тал ч байна. Сул тал нь багш нарын хувьд заримдаа орчин гологдож байна. Хичээлээ зааж байтал дэргэд хүүхэд уйлах, гэр орны асуудал яригдаад, жоохон хүндрэлтэй. Сурагчдын 70 хувь орчим нь л хичээлдээ сууж байна. Бусад нь байхгүй. Яамнаас шалгалт явуулна, онлайн хичээл дээр орж ирнэ шүү гэхээр сургуулийн захиргааныхан сандрахдаа нийгмийн ажилтан, зарим багш нараа суулгаж байж ирцээ хүргэж байна.
Санал байна: Нийтээрээ хөл хорионы дэглэмд шилжээд ус, цахилгаан, дулааны төлбөр тооцоо хөнгөлөлтөд орж энэ нь Боловсролын салбарт ч тодорхой хэмжээний хэмнэлт авчирсан. Амьдралын боломж муутай хүүхдүүдийг хичээлд оролцуулахын тулд хэмнэгдсэн зардлыг хүүхдүүдэд зориулж дата хэлбэрээр олгож болохгүй юу Боловсролын сайд аа!
Түүнчлэн онлайн хичээл багш нарын санхүүд ч хүнд тусч байгаа. Учир нь онлайн хичээл дата их шаардана. Тиймээс сурагчдад онлайн хичээл орж байгаа багш нар датаанд хоолны мөнгөнөөсөө хумслан зарцуулж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр багш нарынхаа дата-нд ч гэсэн Боловсролын сайд анхаарал хандуулахгүй бол багш нартаа давхар санхүүгийн дарамт бий болгож байгааг бодолцмоор байна.
Анги удирдсан багш нараас нэр, утасны дугаар аваад, үүрэн холбооныхонтой ярилцаад датаг зөвхөн хичээлд, зөвхөн хичээлд зориулах хэлбэрээр олгож болно шүү дээ.
Н.Чинзориг