Авдар бол айл гэрт буян хишгийг хурайлан дуудаж, хуримтлуулан хадгалж байх сав билээ. Харамсалтай нь ихэнх айл ээж аав, эмээ өвөөгийнхөө эдэлж явсан авдрыг хуучирч муудсан хэмээн голж амбаар сав, тагтан дээрээ гарган хаяж хуучин хувцас, хэрэгтэй хэрэггүй эд зүйл агуулдаг сав болгожээ.
Авдраа засуулах гэж байгаа нэлээдгүй хүмүүс өвөг дээдсээсээ өвлөн ирсэн буяныхаа савыг өвлийн идэш хийх хайрцаг төдийхнөөр ашиглаж байснаа өгүүлдэг. Гэтэл улаан махны шүүс дусаах байтугай уранхай хувцас хураахад цээртэй энэхүү эд тухайн айлын үнэтэй, цайтай бүхнийг үе дамжин хадгалж ирсэн юугаар сольшгүй нандин эрдэнэ билээ.
Өвөг дээдэс минь алтыг нь аваад авдрыг нь хаяв хэмээн гоомой зүйл хийсэн хүнийг зэмлэдэг. Үүгээрээ авдар нь алтнаасаа үнэтэй болохыг, аливаа юмны агуулга нь өнгөнөөсөө чухал гэдгийг сургаж буй хэрэг. Тиймээс өвөг дээдсээс өвлөж авсан буяныхаа савыг өнөөдрийн хэд гурван төгрөгөөр бусдад өгч олз омгийн үүдээ бүү хаагаарай. Дахин хэлэхэд айл гэрт эд хөрөнгө даллан дуудаж, буян хишиг хураан тогтоож байх учиртай энэхүү саваа энд тэнд хамаагүй хаяж элдэв хуучин зүйлээр бүү дүүргээрэй.
1. Нэг сайхан нэрмэлийн охь – Бүтэн жилдээ идээ ундаар тасрахгүй байхын бэлгэдэл
2.Алд сурыг зангидаад хийнэ – Тухайн айлынхны амь нас бат бөх байхын бэлгэдэл
3.Таван өнгийн торго дурдан эсвэл хадгийг домнож хадгална- Ногоон газар, улаан гал, цагаан сэтгэл, алтан нар, хөх тэнгэрийг бэлгэднэ.
4.Даллаганы уут – Олз омгийг дуудаж тогтоох сав. Эд баялгаар элбэг дэлбэг байхын бэлгэдэл.
Айл болгон авдартай авдар болгон цоожтой байх агаад арслан, бар, хангарьд, луугаар мануулан дээр нь шүтээнээ залсан байхад тухайн айлд хулгай орохгүй эд баялаг хурж байдаг хэмээн “Монголчуудын тэнгэр ухаан” номонд өгүүлсэн байдаг.