Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг нэг сая төгрөгийн тэтгэлэгт сургалтанд хамруулахаар боллоо.
Энэ талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа: Сургалтад эхний ээлжинд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны 500 хүртэлх тооны залуучуудыг хамруулна. Энэ нь ХНХЯ-наас дэвшүүлж буй “Халамжаас хөдөлмөрт эрхлэлтэд шилжих” бодлого ажил хэрэг болох юм.
Мөн эдийн засаг, нийгмийн амьдралыг хэвийн байдалд оруулахын тулд 10 их наядын хөтөлбөр буюу төлөвлөгөөг Ерөнхий сайд саяхан танилцуулсанг та бүхэн мэдэж байгаа. Үүнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр багтаж байгаа. Энэ нь манай яамны “Халамжаас хөдөлмөрт эрхлэлтэд шилжих” бодлоготой сайн уялдаж буй юм. Энэ талын богино хугацааны сургалт явуулахаар бэлтгэл ажлыг манай яамны зүгээс хангаад байна” гэлээ.
Дээрх сургалтанд хүнсий талон авч буй өрхийн залуучуудыг хамруулах бөгөөд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч буй 43 мянган өрх 235 мянган иргэн байна. Эл иргэдийн дунд ажил хөдөлмөр эрхлээгүй залуучуудыг хамруулах зорилгоор нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, хөдөлмөрт бэлтгэх 1 сарын сургалтыг явуулья гэсэн агуулгаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.
Б.Эрдэнэ