Залуусын фитнест явах хоёр сарын төлбөрийг төрөөс дааж, 500 тэрбум төгрөгийг зарцуулах тухай сошиалд яригдаад байгаа мэдээлэл нь худал мэдээлэл гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдэгдлээ.
Тэрбээр “Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрөөс залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэдэг худал. Зарим хүмүүс фитнесийн хоёр сарын төлбөрийг төрөөс даана гэж ойлгосон бололтой. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа. Залууст богино хугацаанд мэргэшил олгоод, цалин өгөх бодлого юм. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа залуусыг хоёр сарын хугацаатай багц сургалтад суулгаж, мэргэшил олгож, ажлын байранд бэлдээд нэг сая төгрөгийн урамшуулал олгоно” гэв.
Н.Батаа