“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан хэргийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж илрүүлжээ.
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК Усны тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, Туул голын сав газар руу аваарын шугам хоолой татаж, их хэмжээний тунгаагдсан усыг зөвшөөрөлгүйгээр нийлүүлсэн үйлдэлд нь Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хууль бус үйлдлийн нөхцөл байдлыг судлан үзэхэд тунгаагдсан усны санд хуримтлагдсан усыг хуучин болон шинэ үнсэн сан руу богино эргэлтийн шугамаар зайлуулах боломжтой байхад станцын холбогдох албан тушаалтнууд уг асуудалд хариуцлагагүй хандаж, боломжит ажлуудыг хийж гүйцэтгээгүй, ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь тогтоогджээ.
Б.Эрдэнэ