Би 2020 онд хэд хоногийн амралтаараа цагаан сарын үеэр шинэлэхээр Завхан аймаг уруу явсан. Шинийн гурван өнгөрсний дараагаар Ковид-19 гэх цар тахлаас болж гэнэтийн шийдвэр гаран Монгол улс даяар хөл хорио тогтоож би Завханд хөл хорионд оров.
Миний хувьд энэ талаар бодож төлөвлөөгүй байсан учир гэнэтийн энэхүү шийдвэр хүнд нөхцөл байдал үүсгэж, ажлаа хийх боломжгүй бусад төлөвлөсөн ажлууд хүртэл хойшлох, зарим нь бүр цуцлагдаж эхэлсэн.
Яг энэ үед маш их хандалттай мэдээний сайт дээр УОК-ын шийдвэрийг танилцуулж буй LIVE хийгдэж байх үед өөрийн үзэл бодлоо илэрхийлж LIVE дор хөдөө орон нутагт гацсан иргэдээ яах вэ? Ажил төрөл хэцүү байдалд орж байна гэж коммент бичсэн юм. Би бодохдоо өөрт тулгарсан нөхцөл байдал дээр тулгуурлан үгээ хэлсэн боловч надад маш олон сөрөг сэтгэгдлүүд ирж эхэлсэн. Чи яах гэж явсан юм? Хэн чамайг тэнд очоод хөл хорионд ор гэсэн юм? гэх мэт олон сөрөг сэтгэгдлүүд, эможинууд ирсэн.
Тэгээд аргагүй эрхэнд өөрийн бичсэн сэтгэгдлээ устгасан. Мөн сонгуулийн үеэр өөрийн үзэл бодлоо илэрхийлэн нам харж бус хүнийг нь харж сонговол дээр юм болов уу гэх агуулгатай мэдээлэл өөрийн хуудсандаа хуваалцав. Яг тэр үед хүмүүсээс бас л олон хараалын үгс, доромжлолын маягтай сэтгэгдлүүд ирээд бүр мессежээр хүртэл орж ирэн бичиж эхэлсэн. Яагаад хүн болгонд өөрийн гэсэн өөр сонголт, юмыг өөрөөр харах өнцөг байж болохгүй гэж.. Энэ олон сэтгэгдлүүдийг тэсэж чадалгүй ахиад устгасан.
Тухайн хүмүүсийн профайл уруу ороод харахад бүгд хуурамч хаягтай ба бусдын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаж буй олон мэдээллүүдийг хуваалцсан, эсвэл дөнгөж шинээр нээсэн ямар ч мэдээлэл хуваалцаагүй идэвхгүй аккаунтууд байсан.
Надад яг тэр үед энэ хүмүүс яагаад зөвхөн үзэл бодлоо илэрхийлсний минь төлөө тэгж их уурлаж бухимдах хэрэгтэй гэж? Зүгээр л тоохгүй байж болох байтал…, би энэхүү сэтгэгдэлдээ хэнийг ч муулж, нэг талыг баримтлаагүй шүү дээ гэсэн бодлууд орж ирсэн. Иймэрхүү сэтгэгдлүүд хүнд тусахаас гадна сэтгэл санаанд их нөлөөлдөг юм билээ.
Хүмүүс бид нэгнийхээ үзэл бодлыг хүндэлж, хэрвээ шүүмж хэлэх гэж буй бол би өөрөө ийм байдалд орсон бол яах байсан бол гэж бодох хэрэгтэй санагдсан. Хүнд үг хэлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх гэж байдаг. Харин тэр эрхээ бусдаар хязгаарлуулж өмнө нь аав ээжээсээ ч сонсож байгаагүй үгнүүдийг сонсох их хүнд санагдаж байсан. Хүн бүр энэ эрхүүдээ эдлэн бусдын үгийг сонсож, өөрийгөө тухайн хүний оронд тавьж үзэн, ёс бус үг хэлэхээсээ өмнө боддог, мэдээллийн боловсролтой болох тэр цаг үе ойрхон байгаа гэдэгт би итгэж байна.
А.Даваа
Эх сурвалж: Хэвлэлийн хүрээлэн