Хүн төрөлхтөн нэгэнт интернэтээс татгалзах, интернэтгүй амьдрах боломжгүй болсон байна. Үүнийгээ дагаад интернэт орчинд донтох эмгэг ч бий болсон талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор ярилаа.
Тэрбээр “Дэлгэцийн донтолтод насны хязгаар гэж байхгүй. Тархитай хүн болгон донтоно. Дэлгэцийн донтолтоос үүсэх шинж тэмдэг, хор уршиг хүүхдэд тод ажиглагддаг учраас хүүхэд дэлгэцэд донтдог гэдэг ойлголтыг насанд хүрэгчдэд өгөөд байна.
Насанд хүрэгчдийн хувьд өдрийнхөө ихэнх цагийг дэлгэц ширтэж, утас ашиглаж, телевиз, компьютерийн дэлгэц ширтэж өнгөрөөж байгаагаа донтолт гэж ухамсарладаггүй бөгөөд хэвийн үзэгдэл гэж боддог” гэсэн байна.
Хүмүүс өөрсдийгөө дэлгэцийн донтой болсноо анзаардаггүй байна. Л.Цэрэндолгор эмчийн ярьж буйгаар бол эхний шатанд хэтрүүлэн хэрэглээ гэдэг зүйл ажиглагддаг аж. Өдрийн нэлээд хэдэн цагийг нь дэлгэц ширтэж, тоглоом тоглох, ажиллах, бичлэг үзэх зэргээр чөлөөт цагаасаа хэтрүүлээд хэрэглээд эхэлдэг.
Уг нь бол чөлөөт цагаараа гэдэг чинь завтай үедээ хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. Гэтэл завтай үедээ биш зориудаар ажлаа хойш тавиад хэрэглээд эхэлдэг. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилсээр байгаад дараа нь донтолт үүсч, хараат байдалдаа орно.
Донтсон хүн стрессийг даван туулах, ачаалал даах чадваргүй болдог. Зан үйл буюу өдөр тутамдаа хийдэг үйл ажиллагаа нь хэвийн бус болж, ажлаа хойш тавьсаар байгаад ажилдаа сонирхолгүй болох тохиолдол ч гарна.
Хүүхдүүд, насанд хүрэгчдийн хувьд аль алинд нь гэр бүлийн орчин, хүмүүжил, ямар орчинд өсөж торнисон, хэр биеэ даасан хүн бэ, хэр хариуцлага хүлээх чадвартай хүн бэ, шийдвэр гаргах чадвар нь хэр байна гэх мэт бүх зүйл хүмүүжлээс донтолт үүсэх эсэх нь шалтгаалдаг байна
Хүмүүжлийн хувьд өв тэгш биш, өөрийн гэсэн зорилгогүй, амьдрал ахуйгаа төлөвлөж сураагүй, ажлаа өдөр тутамдаа төлөвлөж чадахгүй, амин чухал хэрэгцээнийхээ дэс дарааллыг тогтоож чадахгүй байгаа учраас л донтолт үүсдэг аж.
Насанд хүрэгчдийн хувьд ажлаа хойш тавиад дэлгэцийг хэтрүүлэн хэрэглээд эхэлбэл бие махбодийн хувьд ядрах сульдах, нойр хямрах, нүд чилэх, гар хөл чилж ядарч, сульдаж байгаа юм шиг шинж тэмдэг мэдрэгдэнэ. Ийм байдалд ороод ирэхээр сэтгэл санаа, зан үйлийн хувьд өөрчлөлтүүд гарч эхэлдэг.
Сэтгэл санааны хувьд гутранга, аливаа зүйлийг сөргөөр хардаг, сөргөөр боддог болох, юм бүхний болохгүй бүтэхгүй зүйлийг нь илүү их харж түүнийг хүлээн авч мэдрээд байдаг.
Мөн уур бухимдлаа барьж чадахаа больдог. Маш их цочир ууртай болно. Ялихгүй асуудлыг хүндээр хүлээж аваад түүнийг даван туулах, шийдвэр гаргах чадвар нь дэлгэцийн донтолттой хүн дээр алдагдаж эхэлдэг.
Насанд хүрэгчид сонирхолыг нь татах агуулгаасаа шалтгаалаад кинонд их цаг зарцуулах, эсвэр Youtube-ээс видео үздэг, Фэйсбүүк, твиттэртээ донтож болно.
Сэтгэл зүйн ямар ч асуудалгүй байгаа юм уу, хэвийн сэтгэл зүйтэй хүн бол аливаа зүйлд донтохгүй хэрэглээгээ хэтрүүлэхгүйгээр тохируулж чаддаг. Шийдвэр гаргах чадвар сайн байдаг болохоор донтдоггүй гэж хэлж болно. Харин ямар нэгэн байдлаар стресстэй, сэтгэцийн асуудалтай хүмүүс дэлгэцэд илүү донтдог байна.
Хэрвээ донтолтын эхний шат болох дэлгэцийг хэтрүүлэн хэрэглэх байдал ажиглагдвал хамгийн түрүүнд хэрэглээндээ хяналт тавьж сурах хэрэгтэй гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор зөвлөж байна.
Тэрбээр “Олон улсын хэмжээнд насанд хүрэгчдийг өдөрт гурваас илүүгүй цаг дэлгэц хэрэглээрэй гэсэн зөвлөмж байдаг. Би яг үр бүтээлтэйгээр ашиглаж чадаж байна уу, үр дүн нь хэр байна вэ гэдгээ тунгаах хэрэгтэй.
Тэгэхээр би өдөртөө хоёр цагийг зөвхөн утас ширтээд, фэйсбүүкт ороод ашиглачихжээ. Тэгвэл тэр хоёр цагийн хугацаанд надад ашигтай зүйл юу байсан бэ гэдгээ бодох хэрэгтэй. Ямар ч ашиггүй зүгээр л фэйсбүүк ухсан юм байна гэж бодож байгаа бол таны хэрэглээ зорилгогүй байна, цагийг чинь дэмий үрсэн байна, ямар ч үр дүн гаргаагүй байна гэдгийг бодоод тэрнийхээ үндсэн дээр хэрэглээгээ танах ёстой.
Өдөртөө ердөө гучхан минутийг л мэдээ мэдээллээ шалгахдаа зарцуулъя гээд өөрөө өөртөө хяналт тавьж эхэлнэ. Өөрөө өөрийнхөө эзэн нь болж эхэл. Тэгж байж бид нар сошиал гэх амьгүй зүйлл донтохгүй. Хяналтаа л алдаад эхэлбэл донтож байгаагийн нэг хэлбэр” хэмээв.
Н.Батаа