Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхлээд тав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний ээлжинд 16 байгууллагын 14 мянга гаруй ажилтныг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 6,808 хүн вакцин хийлгээд байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдэгдлээ.
Түүний хэлж буйгаар дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 21.5 хувьд халуурах, толгой өвдөх, тариулсан газар хөндүүрлэх, үе мөч өвдөх, ядрах, бие арзайх, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна. Дээрх зовиурууд нь 2-3 хоногийн дараа арилах бөгөөд энэ нь дархлаа тогтож буйн шинж тэмдэг гэлээ.
Мөн “Хэдийгээр дархлаажуулалтын ажил эхэлсэн хэдий ч иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, олноороо цуглахгүй, золголт хийхгүй байхыг зөвлөж байна. Хаврын улиралд дархлаа суларч, ханиад томуугийн дэгдэлт гардаг учир онцгой анхааралтай байх хэрэгтэй” хэмээв.
Н.Батаа