Гэр хороололд амьдрал үргэлжилсээр хотын хөгжилд хэдэн арван тэрбумаар нь төсөв баталдаг хирнээ гэр хорооллын Хөгжил гэдэг ойлголтыг зөвхөн Утааны асуудал гэдэг утгаар л хардаг. Дэлхийн 17 дахь том газар нутагтай манай улс агаар, хөрс, орчны бохирдолдоо живсээр удаж байна.
Гадны өндөр хөгжилтэй орнууд дахин төлөвлөлтийг төрөлжүүлж хөгжүүлсээр байна. Амины орон сууцны хотхон хороолол, нийтийн орон сууцны хороолол гэх мэт. Дүүргүүдээ бизнес, аялал жуулчлал, худалдааны дүүрэг гэх мэтээр ангилан хөгжүүлж газрын байршлын үнэ цэнээ тодотгож хөгжүүлж байгаа нь эдийн засаг болоод гадны хөрөнгө оруулалтанд чухал нөлөөтэй.
Манайхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар улиг болтлоо ярьдаг ч гэр хорооллын одоогийн байгаа орчны хөгжлийн талаар дорвитой ажил хийгддэггүй. Хүн амьдарч байгаа, хүний нийгэм байгаа газарт ялгавартай хандаж хөгжлөөс хол тасарч болохгүй. Зөвхөн нүдэнд ил үзэгдэх хотын хөгжлийнхөө талаар ярьдаг ч нүднээс далд гэр хорооллын хөгжил жинхэнэ утгаараа тэг зогсолт хийгээд удаж байна.
Гэр хорооллын иргэд яагаад чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинтой, “sense of community” буюу хөрш айлууд цугларан, цагаа өнгөрүүлж, нэгдмэл нийгмийг бий болгох нийтийн талбайнуудтай байж болохгүй гэж… Хүн амьдарч байгаа хүний нийгэм оршиж байгаа цагт хөгжил ямагт шат шатаар ахиж байх ёстой бус уу.
Яагаад бидэнд нийтийн талбай хэрэгтэй гэж?
• Мод, гол горхи гэх мэт байгалийн элемент, нийтийн талбайд олон төрлийн өнгө, өвөрмөц тавилгуудыг нэмж өгснөөр иргэдийн сайн сайхан байдал, хүнд итгэх итгэл нэмэгддэг бөгөөд хүн өөрийгөө нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг болохыг Канад улсын Ванкувер хотод хийсэн судалгаагаар нотолсон.
• Цэцэрлэгийн модон сандал дээр хэдэн минут чимээгүй суугаад, нарлаж буй хөгшид, хүүхдээ салхилуулж буй эцэг эх, тоглож наадаж буй хүүхдүүдийг харах нь сэтгэлийн тайвшрал өгдөг.
• Нийтийн талбайдаа спортын үйл ажиллагаа, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэргээр уур амьсгалыг нь халуун дулаан, баяр хөөртэй болгодог олон жишээ бий.
• Ургамал, мод, ус, горхитой ойр байснаар хүмүүс байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах үүрэг хариуцлагаа илүү мэдэрдэг. Зөвхөн өнөө маргаашаа харсан аргацаасан байдлаар утааны асуудал гэж ярихаасаа илүүтэйгээр алсаа харсан хүн ардынхаа эрүүл мэнд ирээдүйг бодсон хөгжлийг бүтээх хэрэгтэй. ГЭР ХОРООЛЛЫН хөгжилд утаагүй зуух биш, Дэд бүтэц хэрэгтэй.
“Улсын хөгжлийг хотоор нь, хотын хөгжлийг нийтийн талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн чанараар нь хэмж” – Жон Рускин
Амины орон сууцны инновац хөгжлийн төв