Бээжингийн шүүх эхнэрээсээ салж байгаа нэгэн эрд гэрлэлтийн он жилүүддээ гэр ажил хийж байсных нь нөхөн төлбөрийг эхнэртээ төлөх шийдвэр гаргажээ.
Ноён Чен, хатагтай Ван нар 2015 онд гэрлэж, хүүтэй болсон юмсанж. Гэтэл 2020 онд Чен салах өргөдлөө өгчээ. Гэрийн эзэгтэй эхнэр нь нөхрөө ахуйн асуудалд огт оролцдоггүй, хүүхдэдээ анхаардаггүй гээд 160 мянган юанийн нөхөн төлбөр шаардсан байна.
Шүүхээс Ченийг гэр бүл байх хугацаандаа эхнэрийнхээ хийсэн гэрийн ажлыг үнэлж 50 мянган юань төлөх тогтоол гаргасан аж. Үүнээс гадна шүүхээс хүүхдийг эхтэй нь үлдээж, эцгийг нь сар бүр 2000 юанийн тэтгэмж олгохыг үүрэг болгожээ.
South China Morning Post-д мэдээлж байгаагаар Хятадад шүүхээс анх удаа ийм шийдвэр гарч байгаа нь энэ гэнэ. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Хятадад Иргэний хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн аж. Шинэ хуулийн дагуу нөхөр юм уу эхнэр нь гэр бүл байх хугацаандаа хүүхдээ өсгөх, ахмадаа асрах, түүнчлэн эхнэр, нөхрийнхөө ажилд нь туслах зэргээр илүү их хариуцлага хүлээж байсан бол салахдаа нөхөн төлбөр шаардах эрхтэй болсон гэнэ.
Хятадын хэвлэлүүдээр энэ гэр бүлийн түүхийг хоёрдугаар сарын эхнээс л бичиж эхэлсэн юм. Нийгэм даяар дуулиан тарьсан энэ хэргийг хэдхэн долоо хоногийн дотор Weibo-гоор 570 сая гаруй хүн үзсэн байна.. Зарим нь эхнэрийг хэтэрхий бага нөхөн төлбөр шаардсан гэснээс гадна «Гэрийн эзэгтэйн ажил дутуу үнэлэгддэг. Бээжинд асрагч жилээр нь хөлсөлж авахад л 50 мянга гаруй юань болдог шүү дээ» гэжээ.
Нөхөн төлбөрийн шийдвэр гаргасан шүүгч Фэн Мяо энэ хэргийг хэлэлцэхдээ гэр бүл байсан хугацаа, хатагтай Ваны гэр орны ажилдаа оруулсан хувь нэмэр, нөхрийн орлого, Бээжингийн өртөг гээд олон хүчин зүйлсийг тооцоолсон гэдгээ мэдэгджээ.
Хятадын хуульд 2001 оноос эхлэн гэр бүл салахдаа гэр орны ажлын нөхөн төлбөр авах эрх нээлттэй байсан. Гэхдээ хамтдаа олсон хөрөнгөө хуваах тухай гэрээ байгуулсан эхнэр, нөхрүүдэд л энэ нь хамаатай байв. Тэгтэл Хятадын хосуудын 3-5% нь л ийм гэрээ байгуулдаг байсан учраас Иргэний хуулийн шинэчилсэн найруулгаас энэ хэсгийг нь авч хаясан байна.
Хятадад сүүлийн жилүүдэд гэрлэлтийн тоо буурч, салалт нэлээд эмэгдэж байна. 2013 онд тус улсад 23,8 сая хүн гэр бүл болж байсан бол 2019 онд 13,9 сая болон буурчээ. Харин салалт 1990 онд 1000 хүн тутамд 0,69 хувьтай байсан бол 2019 онд 3,36 болон нэмэгджээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээллээр Хятадад эмэгтэйчүүд цалин хөлсгүй гэрийн ажилд өдөрт 234 минутыг, эрчүүд 91 минутыг зарцуулдаг байна.