Нэг хаалга- Нэг шинжилгээ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж шинэ голомтыг илрүүлэн тандалт судалгааг хийсэн. Энэ арга хэмжээ өндөрлөсөн ч эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд коронавирус халдварын тандалтын үйл ажиллагааг цаашид нарийвчлан үргэлжлүүлж ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд харьяа эмнэлгийн удирдлагуудтай цахимаар хуралдахдаа онцлон тэмдэглэв. Монгол улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулах ажил эхэлсэн.
Эхний ээлжид эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд вакцинд хамрагдана. Эмнэлгүүд вакцинд хамрагдах эмч ажилтнуудад өрөө гаргаж, бэлтгэлээ бүрэн хангасан гэдгийг эмнэлгийн удирдлагууд хурлын үеэр хэлж байсан юм. Түүнчлэн цаашид коронавирусийн тандалт судалгааны ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн шинжилгээ авах лабораториуд нэгдсэн ажлын хэсэг гаргаж нарийвчлан зохион байгуулж ажиллах юм.
Хуралд оролцсон Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Нэг хаалга- Нэг шинжилгээ арга хэмжээний үед хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, цаашид нэмэгдэх эрсдэлийг тооцож бэлтгэлтэй байгаагаа онцлов. Хурлын төгсгөлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд 12 хоногийн турш Нэг хаалга-Нэг шинжилгээг амжилттай зохион байгуулсан эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудад талархал илэрхийлж буйгаа эмнэлэгийн удирдлагуудаар дамжуулан илэрхийллээ.
Эх сурвалж: ЭМЯ