“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК үйл ажиллагааныхаа шинэчлэлийн хүрээнд “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем”-ийг бүрэн ашиглалтад оруулахаар зарим хөгжүүлэлтийн ажлыг хийж байна. Өнгөрсөн оны 5 дугаар сараас хэрэглээнд нэвтрүүлэн ашиглаж байгаа тус технологийн хөгжүүлэлтийн ажил бүрэн дууссанаар Хөдөө аж ахуйн биржийн системд дараах давуу тал бий болох юм.
Оролцогч талуудын итгэлцлийг технологиор дамжуулан бий болгоно.
Арилжааны найдвартай бүртгэлийг блокчэйнд бүртгэснээр арилжааны цагийг 24/7/365 болгох боломжтой.
Тус технологид суурилсан автоматжуулалт, интеграцийг хийснээр зардлыг хэмнэх, бууруулах боломжтой.
Иргэд буюу эцсийн хэрэглэгчид гар утаснаасаа шууд оролцох боломжтой бөгөөд ингэснээр зах зээлд нэвтрэхэд илүү хялбар, зардал багасаж, оролцогчдын тоо тэлж, арилжааны хэмжээ нэмэгдэх юм.
Блокчэйн технологиор 470 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ
Биржийн хуулиар байнгын (брокерын компани) болон байнгын бус гишүүд (хоршоод) арилжаанд оролцох эрхтэй байдаг. Байнгын гишүүд өдөр тутмын арилжаанд оролцож байна. Байнгын бус гишүүдийг арилжаанд оролцуулах нөхцөл бололцоог биржийн зүгээс идэвхжүүлэх төлөвлөөгөөтэй ажиллаж байна.
Блокчэйн технологи нэвтэрснээс хойш 2021 оны 02 дугаар сарын 23 хүртэлх хугацаанд биржээр хөдөө аж ахуйн гаралтай 6 төрлийн бараа, түүхий эдийн төрлөөр 140 удаагийн арилжаа зохион байгуулан 1376 хэлцлээр нийт 470 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.
Оролцогч талууд заавал биржийн байранд ирэх шаардлагагүй, интернеттэй орчинд орон зайнаас үл хамааран арилжаанд оролцох боломжийг бий болгож буй тус системийн зарим хэсгийн хөгжүүлэлтийг энэ оны 3-р сард багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.