Оросын судлаачид Т эсүүд болон дархлалын олдмол системийн бүхэлдээ гол үүрэг гүйцэтгэдэг HLA бүлийн генээс хэд хэдэн хувилбарыг ялган авчээ. Эдгээр нь коронавирусын халдвар, түүний явцад хүчтэй нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна. Энэ тухай Эдийн засгийн дээд сургуулийн хэвлэлийн алба Frontiers in Immunology сэтгүүлд гарсан өгүүллээс эш татан бичжээ.
“COVID-19-ийн генотип ба хүндийн зэрэг хоорондын харилцан хамаарлаас гадна санал болгож буй арга нь вирусын геном дахь тодорхой мутаци Т эсийн дархлаа тогтооход хэрхэн нөлөөлөхийг үнэлэх боломжийг олгоно.
Жишээлбэл, SARS-CoV-2-ийн шинэ омог халдвар авснаар өвчний хүнд хэлбэрт хүргэж болзошгүй бүлэг хүмүүсийг тодорхойлох боломжтой болно ” гэж судалгааг гаргасан хүмүүсийн нэг, Эдийн засгийн дээд сургуулийн профессор Александр Тоневицкий хэлжээ.
Судалгаагаар таргалалттай, зүрхний архаг өвчтэй, чихрийн шижинтэй, цусны хоёрдугаар бүлэгтэй хүмүүс коронавирусийн халдварт илүү хүнд өртөж байна.
Эрсдэлийн бүлгийн бас нэг хүчин зүйлд генетикийн хүчин зүйлс орно. Паркинсоны өвчний АРОЕ гентэй, түүнчлэн неандертальчуудаас өвлөн авсан бусад гентэй хүмүүст өвчинд илүү хүнд өртөж байна.
Тоневицкий болон түүний хамтрагчид шинэ ажлынхаа үеэр Москвагийн 500 оршин суугчдын HLA бүлээс гарсан генийн бүтцийн ялгаа ба өвчний шинж тэмдгийн зэрэг нь хоорондоо хэрхэн уялдаатай болохыг судалсан юм. Судалгаанд оролцогчдын 100 орчим нь COVID-19 өвчнөөр нас баржээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр генүүд нь SARS-CoV-2 болон бусад вирусийн дархлааг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр ген нь вирусийн уургийн хэсгүүдийг эсийн гадаргуу руу зөөж, Т эсүүдэд шилжүүлэх үүрэгтэй. Энэ нь халдвар авсан эсийг таньж, устгахад тусалдаг аж.
Хүн бүрийн геномд HLA бүлээс гаралтай хэдэн арван ген байдаг. Тэдгээрийн хослол нь түүнийг янз бүрийн халдварын үед хэр эмзэг болохыг тодорхойлдог. Эрдэмтэд ажлынхаа явцад эдгээр генийн HLA-A, HLA-B, HLA-C гэсэн гурван дэд төрлийг судалсан гэнэ.
Судлаачид машинаар судлах системийг ашиглан өгөгдлийг харьцуулж үзээд коронавирусын халдварын хүнд үр дагаварт орох өндөр магадлалтай холбоотой эдгээр генийн хувилбарыг ялгаж авчээ. Тухайлбал HLA-A * 01: 01 хувилбар нь COVID-19-ийн нас барах эрсдэлийг нэмэгдүүлсэн бол HLA-A * 02: 01 ба HLA-A * 03: 01-ийн хэлбэлзэл нь эсрэгээрээ бууруулж байсан гэнэ. Энэхүү мэдээллийг ашиглан эрдэмтэд SARS-CoV-2 халдвар нь өвчтөн тус бүрт хэр аюултай болохыг урьдчилан тооцоолох алгоритмыг бүтээжээ.
Судлаачид энэ ажлыг Испанийн эмнэлгүүдэд эмчлэгдсэн коронавирусийн халдвар тээгч 45 хүний геномыг судлах явцад олж авсан ижил төстэй мэдээллийн бааз дээр шалгасан байна. Энэхүү туршилт нь таамаглалын өндөр нарийвчлалыг баталж, HLA генийн хэлбэлзэл нь COVID-19-ийг ямар хэцүү болохыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг баталсан байна.
Орчуулсан Э.Март : nauka.tass.ru