Өнөөдрөөс эхлэн нийслэлд хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн эхлүүлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган мөрдүүлж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн “Номин” худалдааны төвөөр орж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байгаатай танилцав.
Тус худалдааны төв өглөө 09:30 цагт нээгдсэн бөгөөд 12:00 цагийн байдлаар 128 хүн үйлчлүүлсэн байна. Иргэд худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ халуунаа хэмжүүлж, гараа ариутган, QR кодоо заавал уншуулан орж байгаа юм. Мөн хүн хоорондын зайгаа баримталж, халдвар хамгааллын дэглэм сайн мөрдөж байгааг тус худалдааны төвийн ажилтан хэлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хотын удирдлагын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжин, зөвлөж ажиллана. Хамгийн гол нь иргэд дүрэм, журмаа сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаарай. Цар тахлын энэ үед төр, иргэн, аж ахуйн нэгжийн уялдаа холбоог сайжруулах ёстой” гэлээ.
Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд санал хүсэлт, гомдол байвал 1800-1200 дугаарын утсанд хандахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зөвлөлөө. Цаашид ч “Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сонсож байна” ажлыг үргэлжлүүлж, иргэдээ сонсож ажиллана гэдгээ хэлсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс