Германы хунтайж, Ханноверын хааны ордны тэргүүн Эрнст Август хүүгээ шүүхэд өгчээ. Учир нь түүний хүү бага Эрнст Август эцгээсээ нууцаар гэр бүлийнхээ Мариенбург шилтгээнийг зарчихсан аж. Уг шилтгээн гэр бүлийнх нь эзэмшилд 154 жил байсан гэнэ.
Ханноверын хунтайж 2004 онд хүүдээ үл хөдлөх хөрөнгийн хэд хэдэн том объектоо шилжүүлсний нэг нь Мариенбург юм байна. 2018 онд бага Август энэ шилтгээнийг арчилж хамгаалах, сэргээн засварлахад хэтэрхий үнэтэй тусахыг ойлгоод, Германы Засгийн газарт 1 еврогоор худалдчихжээ. Энэ тухайгээ гэр бүлийнхэндээ огт хэлээгүй гэнэ.
Засгийн газар нь шилтгээнээс гадна 100 орчим эртний зураг, гэр бүлийн үнэт эдлэл, эртний тавилга, баримал тэргүүтнийг хүлээн авсан аж. Үүнийг мэдсэн эцэг нь уурсан хүүгээ шүүхэд өгчээ.
“Бундестагаас шилтгээнийг сэргээн засварлахад 14 сая евро гаргахаар санал өгсөн. Учир нь Засгийн газар үүнийг өөрийнх гэж үзэж байгаа” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.