Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлэхтэй холбоотой дагаж мөрдөх журмуудыг танилцууллаа.
ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Коронавирусийн халдварын түвшинг дөрвөн зэрэглэл болгож хуваасан. Үүний дагуу Засгийн газраас 100 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. ААН-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдсан. ААН-үүдийг 14 төрөлд хуваадаг. Үүнээс 7 төрлийг та бүхэнд үзүүлье.
Маргаашаас эхлээд ААН-үүд ямар журам мөрдөх талаар гарын авлага хүргүүлнэ. Маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээгийг үүдэндээ байршуулах, хоёр цаг тутамд агаар сэлгэх зэрэг шаардлагыг ААН-үүдэд тавина. Иргэдийг бөөгнөрүүлэхгүй байх шилэн хаалт хийх, жимс жимсгэнэ, цагаан идээг битүү уутан хийж худалдах ёстой.
Хоол үйлдвэрлэлийн салбарын хувьд үйлчилгээний танхимын ширээ хоорондын зай 2 метр байх, хэрэглэсэн аяга тавгыг гурван дамжлагаар угаах, бэлэн мөнгөнөөс татгалзах зэрэг журмыг баримтлана.
Караокены өрөөг 50 хувиас хэтрүүлэхгүй, мекрофонд хэрэглэгдэх бүрхэвчийг тогтмол солих хэрэгтэй. Өрөө бүрт гар ариутгах халдваргүйжүүлэгч тавина. Үсчний газарт хүн хоорондын зайг мөн л 2 метрийн зайтай барьж, хүлээлгийн танхимд бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай.
Олон улсын уралдааныг зөвшөөрөл аваад, тамирчид PCR шинжилгээ өгч, заалны багтаамж 50 хүртэл хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж болно. Үйлчлүүлэгч бүрийг амны хаалт, гар ариутгагчаар хангах ёстой. Кинотеатрын зориулалтын нүдний шилийг цэвэрлэж, дараагийн үйлчлүүлэгчид өгөх нь зөв. Тасалбарыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Мэргэжлийн болон хэлний сургалтын төвүүд ширээ сандлыг хоёр метрийн зайтай байрлуулна. Халдваргүйжүүлэлтийг сайн хангах ёстой. Нийтлэг 8 аж ахуйн нэгжид тавигдах шаардлагыг хүргэлээ. Гол зарчим бол иргэн бүр хүн хоорондын зайг барьж, гараа ариутгах нь чухал. Иргэн, ААН-ийн хариуцлага маргаашаас эхэлж байна. Бүх шатандаа ямар нэгэн нугалаа ойлголтыг зөрүү гаргахгүй байх тал дээр Ерөнхий сайд өчигдөр хэлсэн” гэв.