Элчин сайд Р.Болд Туркийн Хөдөө аж ахуй, ойн сайд Бекир Пакдемирли 2018 онд байгуулсан Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн заалтуудыг хэрэгжүүлэхэд хоёр талаас идэвхи гаргах, үүний тулд яам хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийг байгуулах чиглэлд ажиллахаар тохиролцов.
Монголоос Турк руу арьс, шир, өлөн гэдэс, мах махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг судлахын тулд экспортын бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар Монголын Мал эмнэлгийн ерөнхий газар, Туркийн Хүнс, хяналтын ерөнхий газар хооронд холбоо тогтоож, цахим уулзалт хийхээр болов.
Элчин сайдын зүгээс малыг эрүүлжүүлэх төсөл хэрэгжүүлэх, малын вакцин үйлдвэрлэх, хүлэмжийн технологи нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг илэрхийлж, Туркийн тал энэ оны 5 дугаар сард болох Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 88 дугаар чуулга уулзалтын үеэр Монгол Улсын баруун бүсийг малын гоц халдварт шүлхий өвчингүй тайван бүсээр хүлээн зөвшөөрүүлэх Монголын өргөдлийг дэмжихээ илэрхийлэв.
Гадаад харилцааны яам