ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.
-Вакциныг ямар хүмүүс хийлгэж болохгүй вэ?
-ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Вакцин хийхийн өмнө иргэнийг эрүүл мэндийн эмчийн үзлэгт оруулж вакцин хийх үгүйг шийднэ. Вакциныг халуунтай, харшилтай, ямар нэгэн өөр вакцин хийлгэсэн, ямар нэгэн халдварт өвчнөөс өвчилсөн хүмүүс хийхгүй гэсэн заалт байгаа.
-Вакцинд хамрагдахын өмнө болон дараа нь хувь хүн ямар дэглэм баримтлах ёстой вэ?
-Вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт орж хяналтад орсон байх ёстой. Ямар нэгэн шалтгаанаар халуурах, харшилтай байж болохгүй. Эхний тун хийлгээд 14-21 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэх ёстой. Эхний тун тариулаад хоёр дахь тун хийлгэх хоорондын хугацаа урт байгаа учраас тухайн иргэн энэ хугацаанд халдвар авахаас сэргийлж өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүтэн тун авч байж халдварын эсрэг дархлаатай болох учраас хоёр дахь тунга тариулах хүртэл, дархлаа бүрэн тогтох хугацаандаа маск зүүж, олон хүн цугларсан газар явахгүй байх, халдварт өртөх байх шаардлагыг өөрөө өөртөө тавьж явах нь хамгийн чухал. Ямар ч вакцин тариулсан хүний биед хөнгөн халуурах, хоолонд дургүй болох, дотор муухайрах зэрэг хариу урвал өгдөг учир тухайн тариулсан газартаа тодорхой хугацаанд ажиглалтад байж байгаад гарах хэрэгтэй.
Л.Баяр