Барилга угсралт, их засварын ажил 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.7 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 97.6 хувь буюу 4.6 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 2.4 хувь буюу 114.3 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Барилга угсралт, их засварын ажил 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноосоо 3.6 хувь буюу 174.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Хэдийгээр дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажил 17.6 тэрбум төгрөгөөр өссөн ч гадаадын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажил 191.8 тэрбум төгрөгөөр буурсан нь ийнхүү нөлөөлжээ.
Дотоодын байгууллагаас төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 521.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 3.5 дахин буюу 371.9 тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагынх 78.3 тэрбум төгрөгт хүрч, 49.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн бол хувийн байгууллагынх 4 их наяд төгрөг болж 404 тэрбум төгрөг буюу 9.2 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо