Эдийн засагч, Дефакто Д.Жаргалсайхан Clubhouse аппликэйшнд Defacto Club-ийг нээсэн юм. Хоёрдугаар сарын 18-ны өдрийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, вакцинжуулалтын талаар ярилцаж тодорхой мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэр манай улс хүн амын 60 хувийг вакцинжуулахад 2 тунгаар хийхэд 2021 оны 11-р сар гэхэд бүрэн хамруулна гэсэн төлөвлөгөө гарсан гэдгийг хэллээ.
Тодруулбал:
Манай улсын хувьд хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтыг эхлэх бөгөөд эхний ээлжид БНЭУ-аас “Астразенека” вакцин 150 мянган хүн тунг даваа гарагт авч ирэх юм байна.
Вакцин хийх дарааллын тухайд Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Вакцинжуулалттай холбоотой хоёр хэсэг зорилтот бүлгийг гаргасан. Эхний ээлжид 150 мянган тун вакциныг эмч, тусгай албан хаагчдаа вакцинжуулна. Нийтдээ хүн амын 60 хувийг дархлаажуулахаар зорьж байна. Төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан 56,000 хүн, хариу арга хэмжээнд ажиллаж буй алба хаагчид буюу цагдаа, цэрэг, хил хамгаалах зэрэг салбарын 53,000 орчим, 50-иас дээш насны өндөр настан, архаг хууч, суурь өвчтэй, эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализийн аппаратад ордог зэрэг хүмүүсийг эхний ээлжид хамруулна. Үүний дараагаар үйл ажиллагаа тогтвортой байх эрчим хүч, харилцаа холбоо гэх мэт салбарын 20 хувийг хамруулна гээд үе шаттайгаар явна.
Хүн амын 60 хувийг вакцинжуулахад 2 тунгаар хийхэд 2021 оны 11-р сар гэхэд бүрэн хамруулна гэсэн төлөвлөгөө гарсан” гэсэн юм.
Л.Баяр