Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа. Элчин сайд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн-ий мэндчилгээг уламжилж баяр хүргэсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтлэг үнэт зүйлстэй “гуравдагч хөрш” БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж “Стратегийн түншлэл”-д хүргэн ахиулах, дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа улам нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Талууд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн төсөл, хөтөлбөрүүд, ялангуяа орон сууцны “Солонго 1, 2” хороолол, “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийн явцыг эрчимжүүлэх талаар ярилцжээ. Энэ нь Засгийн газраас залуучуудаа орон сууцжуулах зорилттой уялдаа холбоотойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар
БНСУ-ын дэвшүүлсэн Шинэ Умардын бодлогын хүрээнд зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, логистик, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг дорвитой хөгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлсэн юм.
Мөн “Ковид-19”-ийн эсрэг Астразенека вакциныг арилжааны шугамаар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Цар тахлын энэ үед монгол иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх зэрэгт харилцан дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.