Хятад улс коронавирусийн халдварын эсрэг вакцин нь дотооддоо хүрэлцэхгүй байгаа энэ нөхцөлд гадагш нь идэвхтэй экспортолж эхэлсэн талаар Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Алексей Маслов Telegram сувгаар дамжуулан мэдээлжээ.
Хятадад вакцинжуулалтын хурд удаашралтай байна. Нэгдүгээр сарын дунд үе гэхэд тус улсын 14 сая иргэнээ вакцинжуулсан нь нийт хүн амынх нь ердөө 1,6% нь юм.
Шинжээчийн тооцооллоос үзэхэд, COVID-19-ийн энэ нөхцөлд хэвийн амьдралдаа эргэн орохын тулд Хятадын засаг захиргаа хүн амынхаа дор хаяж 70%-ийг буюу 980 сая хүнээ вакцинжуулах ёстой. Тус улсын засаг захиргаа 2021 оны сүүлч гэхэд вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлаа 1,8 тэрбум тун болгон өсгөхөөр төлвөлөж байна. Гэхдээ эмийн 18 компани бүгд ажилласан нөхцөлд ийм хэмжээгээр өсгөх боломжтой. Тэгтэл эдгээр вакцины зарим хэсгийг өдгөө дэлхийн 40 гаруй улс хэдийнэ захиалжээ.
“Хятадад вакцин хүрэлцээгүй байгаа хэр нь экспортод гаргаж байгаа нь хачирхалтай хэрэг” гэж Маслов дүгнэжээ.
Одоогийн байдлаар Хятад улс 16 улс, бүстэй COVID-19-ийн 500 сая гаруй тун вакцин нийлүүлэх гэрээ байгуулаад байна. Пакистан л гэхэд Хятадын CanSinoBio компанийн вакциныг яаралтай үед хэрэглэхийг сайшаан дэмжжээ. Мексикт CanSino-гийн вакцины 35 сая тунгийн эхний хэсэг очсон бол Боливи, Филиппин, Унгар улс хоёрдугаар сард Хятадаас хэдэн зуун мянган тун вакцин авахаар болсноо пүрэв гарагт зарлажээ.
Унгар улс Хятадын Sinopharm улсын эмийн үйлдвэрийн гаргасан COVID-19-ийн вакцинаас 500 мянган тунг ирэх долоо хоногт авахаар болсон Европын холбооны анхны улс болоод байна.
Боливи улсын Ерөнхийлөгч Луис Арсе энэ сард бүх нийтийг вакцинжуулж эхэлнэ гэдгээ зарласан. Тус улс Sinopharm-ын вакцин авахаар болжээ. Тэгвэл Серб улс лхагва гарагт Sinopharm-ын хагас сая тун вакцин хүлээн авсан бол өнгөрсөн сард 1 сая тунг авсан аж.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган ч олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан Хятадын Sinovac-ын үйлдвэрлэсэн вакцины хоёр дахь тунг хийлгэснээ зарласан юм.