Иракийн уугуул, 29 настай Хусейн Абс Хамир Европт улс төрийн орогнол олж авахыг эртнээс хүсчээ. Тэрбээр 2008 оноос хойш Норвеги, Финлянд, Германд, тэр ч бүү хэл Италийн өмнөд хэсэгт ч очиж үзжээ. Гэвч Европын холбоонд тэр сайхан амьдралыг хайж ирсэнгүй. Тэр “толгойг нь тасдаж”, “жихад”-ыг тогтоохыг хүсчээ.
Италийн цагдаагийн газраас сэжиг бүхий энэ ирак эрийг маш удаан тагнаж мөрдсөн байна. Калабрия мужийн Кротон дахь дүрвэгсдийн хуаранд тэр шилжин суурьшигчдаас эрс ялгарч байлаа. Тэр ажил хайх гэж оролдохгүй, лагерийн оршин суугчидтай байнга л яриа хөөрөө өрнүүлж явна.
Тэрбээр Ойрхи Дорнод, Хойд Африкаас ирсэн хүмүүстэй уулзах үеэрээ “Жихадыг тогтоохын тулд Сири, Ирак руу явж яах юм бэ? Үнэнч бус нөхөдтэй энд, Италид ч тэмцэж болно шүү дээ. Тэдний толгойг энд нь тасдаж хаях хэрэгтэй” хэмээн ярьдаг байв. Үүнээс гадна түүний хэлсэн ярьсныг дагахгүй зөрсөн хүнийг Хусейн хутгаар айлган сүрдүүлж, Исламын улсын урт савраас зайлж чадахгүй шүү гэж айлгадаг байв.
Хусейны утаснууд Исламын улсын янз бүрийн суртал ухуулгаар дүүрэн байдаг аж. Тэрбээр Европт гарсан алан хядах ажиллагаа болгонд баярлаж, Манчестерт болсон дэлбэрэлтийн дараа дүрвэгсдийн хуаранд байсан бүх хүмүүсийг “Аллах Акбар” хэмээн хашхиран сэрээж байжээ.
Иракаас гаралтай энэ эр өөрөө ч халдлагад бэлдэж байсан бололтой. Түүний гар утаснаас цагдаа нар Италийн төрийн байгууллагуудын барилга, тэдгээрээс гарч яваа хүмүүсийн зургуудыг олжээ. Харин хууль сахиулах байгууллагынхан Хамирыг Ром руу явахаар зэхэж байгааг мэдээд баривчлах шийдвэр гаргасан байна. Тэрбээр саатуулагдах үеэрээ жихадын дайчин гэдгээ ч нуугаагүй бөгөөд “Тийм ээ, би Исламын улсынх. Исламын улс бол миний амьдрал” хэмээн хашхирсан байна.
Э.ЗАЯА